Ирина Протченко гэх 68 настай Украин улсын иргэн оёдлын машинаар цэргүүдэд зориулсан хантааз оёж байх үедээ улсынхаа төрийн дууллыг амандаа аялж байсан гэнэ. Тэрээр Киев хотын нэгэн үйлдвэрт 50 жилийн турш эрэгтэй хүний хослол, хүрэм зэргээс гадна Hugo Boss, Lacoste зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн хувцсыг оёсон бөгөөд саяхан тэтгэвэрт гарсан юм байна. Гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч Ирина Протченко дайны хүнд хэцүү цагт зүгээр суухыг хүсээгүй тул эх орноо хамгаалан тулалдаж буй цэргүүдэд зориулан ач зээ нарынхаа хамтаар цэргийн хантааз болон толгойн багийг гар аргаар оёж армид нийлүүлж байна.
Тэрээр CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр: “Би цэргийн хантааз биш хуримын хослол оёод сууж байх ёстой хүн. Хэрэв миний оёсон хантааз нэг цэргийн амийг аварвал тэр миний хувьд хамгийн том шагнал байх болно. Хантааз оёж дуусах болгондоо би өөрийгөө Украин улсад нэг ялалт авч ирлээ гэж боддог.
Бид хантаазнуудаа армид үнэгүй хандивладаг бөгөөд хантааз хийхэд шаардлагатай даавуу, утас гэх зэрэг бараануудыг мөн л хүмүүс бидэнд хандивладаг. Хуучин машины төмрийг нутгийн залуусаар тастуулан гагнуулж бэлдүүлснээр бид хантаазан дотор оруулж сумны хамгаалалтын хувиар ашигладаг даа.” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN