Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын цэргүүд Украины хэд хэдэн томоохон хотуудыг эзлэн авч өөрсдийн ноёрхлоо тогтоогоод байгаа билээ. Мөн гуравдугаар сарын 11-нд Мелитополь хотын дарга 33 настай Иван Федоров Орос цэргүүдэд олзлогдоод байсан билээ. Тэгвэл хоёр улсын төлөөлөгчид дайны хоригдол солилцох тухай уулзалт хийж улмаар шийдэлд хүрснээр Иван Федоровыг есөн Орос цэргээр сольж сулласан байна. Тэдгээр есөн цэргүүд нь 2002 болон 2003 онд мэндэлсэн дөнгөж насанд хүрсэн хугацаат цэргийн алба хаагчид байсан гэнэ. Дайн эхлэх үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины зүгээс хугацаат цэргийн алба хаагчдыг дайны талбар луу илгээхийг хориглож байсан хэдий ч Батлан хамгаалахын яам нь хугацаат цэргийн алба хаагчдыг дайнд оролцуулахаар шийдсэн.
Иван Федоровыг Луганськ хот руу хүргэсэн бөгөөд энэхүү солилцооны дараа Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр өөрийн цахим хаяг дээрээ нийтэлсэн бичлэг дээрээ: “Бид эцэст нь Мелитополь хотын дарга Иван Федоровыг чөлөөлж чадлаа. Би түүнтэй ярьсан. Оросын цэргүүд түүнийг таван өдрийн өмнө олзолсон ба түүнд ОХУ-ын төлөө ажиллах саналыг тавьсаар байжээ. Гэхдээ Иван Федоров тэвчээр зааж тэдний саналыг хүлээж аваагүй. Яг л бид бүхэн тэсэж байгаа шиг тэр бууж өгөөгүй. Украинчууд хэзээ ч бууж өгдөггүй. Бид үргэлж өөрсдийн гэсэн зүйлсээ хамгаалах болно.” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN