ОХУ-ын эхлүүлээд буй Украин улс руу чиглэсэн дайны улмаас Герман улс зэвсэгт хүчнийхээ хүчийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-д үйлдвэрлэгдсэн F-35A гэх загварын 35 ширхэг тийрэлтэт онгоцыг худалдаж авахаар болжээ. Уг онгоц нь A, B, C гэх гурван өөр төрөл байдаг бөгөөд Герман улсын худалдаж авч буй төрөл нь А буюу цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой юм байна. Герман улсад 1980-аад онд үйлдвэрлэгдсэн Торнадо гэх хоёрхон ширхэг цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой байлдааны онгоцнууд байсан бол F-35A онгоцны ачаар тус улсын агаарын зэвсэгт хүчний хүч чадал огцом нэмэгдэхээр боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Герман улс армийн хүчээ нэмэгдүүлэх тал дээр сөрөг байр суурьтай байсаар ирсэн хэдий ч одоогийн нөхцөл байдлаас болж улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдал болон эрх чөлөөг нь хамгаалахын тулд ийм хөрөнгө оруулалт хийлээ. Герман улсын нутаг дэвсгэрт НАТО-гийн эзэмшилд байдаг цөмийн пуужингийн хошуунууд хадгалагддаг бөгөөд уг онгоцыг худалдаж авч буй нь хэрэв ОХУ-ын цэргүүд НАТО-гийн гишүүн орнуудын газар нутаг руу халдах юм бол НАТО цөмийн дайралт хийхэд бэлэн гэдгээ ОХУ-ын удирдлагуудад харуулах зорилготой хэмээн дайн шинжээчид үзэж байна. Гэхдээ улам хүчирхэгжиж буй Германы армийн нөхцөл байдал нь Европын Холбооны урт хугацааны батлан хамгаалахын бодлогод хэрхэн нийцэх, мөн НАТО-гийн хүрээнд ямар үүрэг гүйцэтгэх нь одоогийн байдлаар тодорхой бус байна.
Эх сурвалж: CNN