НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш өнгөрсөн даваа гарагт Украин улсад энх тайван тогтоохын тулд дэлхий нийтэд хандан хандаж мэдэгдэл хийлээ. Португали улсын иргэн Антониу Гутериш нь уг мэдэгдлийнхээ үеэр: “Украин улс дайны галд нэрвэгдэж байна.
Бүхэл бүтэн улс дэлхий нийтийн нүдэн дээр мөхөж байна. Уг дайны энгийн иргэдэд үзүүлж буй сөрөг нөлөө хяналтаас гарлаа. Тоо томшгүй олон гэм зэмгүй хүмүүс тэр дундаа хүүхдүүд болон эмэгтэйчүүд амиа алдаж байна. Оросын зэвсэгт халдлагын үр дүнд Украины нисэх онгоцны буудал, зам, сургууль гэх зэрэг бүтээн байгууламжууд сүйдсэн. Мөн ДЭМБ-ын мэдээлж буйгаар Украин улсын 24 эрүүл мэндийн төв халдлагад өртжээ.
Олон зуун мянган хүмүүс тог цахилгаан болон ундны усгүйгээр өдөр хоногийг аргацаасаар байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хоёр зүйл маш тодорхой болсоор. Нэгт уг нөхцөл байдал ирээдүйд улам бүр муудна. Хоёрт дайн ямар ч үр дүнд хүрсэн уг дайнд ялагч гэж байхгүй. Зөвхөн ялагдагчид л төрөн гарна.” гэжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай холбоотой байгаа дэлхийн цөөн хэдэн удирдагчдын нэг бөгөөд одоогийн байдлаар түүнтэй дайныг энхийн замаар төгсгөхийн тулд хэлэлцсээр байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN