Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хүчтэй эдийн засагтай 10 улсын нэг болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр амжилттай явагдаж дууслаа. Энэхүү сонгуульд нийт 13 нэр дэвшигчид оролцсон бөгөөд хуучны “Нэгдсэн ирээдүй нам” гэх нэртэй байсан “Хүмүүсийн хүч” намын (сөрөг хүчин) нэр дэвшигч Юн Сок Ёль болон ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэмён нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн. Сонгуулийн эцсийн үр дүн гарахад Юн Сок Ёль 16,394,815 хүний саналаар буюу нийт сонгуульд оролцсон иргэдийн 48.59%-ийн саналыг авснаар ялалт байгуулсан. Харин Ли Жэмён 16,147,738 хүний буюу 47.79%-ийн санал авсан. Энэ нь уг сонгуулийн өрсөлдөөн маш ойрхон өрнөсөн гэдгийг харуулж байгаагаас гадна Өмнөд Солонгосын иргэдийн үзэл санаа хоёр өөр хэсэгт тэнцүү хуваагдаад байгаа гэдгийг харуулж байна.
Юн Сок Ёль ялалт байгуулсан даруйд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цагаан ордноос мэндчилж түүнд баяр хүргэн хоёр улсын хоорондын цаашдын хамтын ажиллагаа дээр олон талаараа хамтарч ажиллах байгаагаа мэдэгдсэн. Юн Сок Ёлийн эцэг эх нь багш хүмүүс байдаг бөгөөд өөрөө Сөүлийн их сургуулийг хуулийн чиглэлээр төгссөн. Өмгөөлөгчийн хувиар олон жил ажилласан тэрээр 2019-2021 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхий прокурорын албыг хашиж сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрд ороод байгаа юм. Тэрээр Өмнөд Солонгосын 11 дэх ерөнхийлөгч буюу Пак Кын Хег эрх мэдлээ буруугаар ашиглаж авилга авсан хэргээр яллахад гол үүрэг гүйцэтгэсэн. Уг хэргээс хойш ард түмнийхээ дунд нэр алдрыг олж аваад байсан тэрээр БНХАУ руу чиглэсэн хандлагаа улам чангатгаж Өмнөд Солонгост өссөөр буй Бээжингийн нөлөөг багасгах зорилготой байгаа юм байна. Үүний тулд Өмнөд Солонгос улс АНУ, Австрали, Энэтхэг, Япон гэх дөрвөн улстай илүү ихээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. Юн Сок Ёль ерөнхийлөгчийн албан тушаалаа тавдугаар сарын 22-нд хүлээн авна.
П.Тамир