ОХУ болон Украин улсын хооронд өрнөж буй дайны улмаас дэлхийн ихэнх улс орнууд ОХУ-д эдийн засгийн хориг тавьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Ингэснээр ОХУ-ын ард иргэдэд, ялангуяа баячуудад нь их хэмжээний хохирол учруулна. Учир нь ОХУ-ын баячуудын бизнес ихэвчлэн гадаадын орнуудаас хамааралтай байдаг. Тэгвэл та бүхэнд 2021 оны Форбес сэтгүүлээс гаргасан хамгийн баян Орос хүмүүсийг танилцуулж байна.
Леонид Михельсон (34.5 тэрбум америк доллар)
ОХУ-ын хамгийн баян иргэн болох Леонид Михельсон нь Новатек гэх байгалийн хий олборлодог компаны гүйцэтгэх захирал бөгөөд гол хувьцаа эзэмшигч билээ. Зөвлөлт Холбоот улсын задралын дараа түүнд бизнесээ эхлүүлэх боломж олдсоноор эхний ээлжид хувьчлагдаж байсан газар доорх хоолой барьдаг компаны хувьцааг худалдаж авж байсан гэдэг. Одоогоор түүний хувьд дэлхийн 35 дахь баян хүн бөгөөд байгалийн хийгээс гадна химийн ховор бодисуудыг олборлодог бизнес мөн эрхэлдэг. Түүний бизнесийн хамгийн сайн хамтрагч нь Орос тэрбумтан Геннадий Тимченко юм.
Владимир Путин (27 тэрбум америк доллар)
ОХУ-ын ерөнхийлөгчийн албыг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хашиж байгаа түүнийг дэлхий даяар мэдэхгүй хүн ховор биз. Анх Ленинградын их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсөж Зөвлөлт Холбоот улсын аюулгүй байдлын албанд гадаадын тагнуулын ажилтны хувиар 16 жил ажилласан. Одоогийн өрнөж буй дайныг эхлүүлсэн гол хүн бол Владимир Путин бөгөөд тэрээр өмнө нь Чечений хоёрдугаар дайн, Орос-Гүржийн дайн, Орос-Украины дайн, Сирийн иргэний дайнуудад нэр холбогдож байсан удаатай. Түүний нэр дор бүртгэгдсэн хөрөнгийн ихэнх хувь нь металл олборлолтоос гаралтай. Гэхдээ түүнийг их хэмжээний нууц хөрөнгөө нуун дарагдуулдаг бөгөөд яг үнэндээ 200 тэрбум америк долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн гэх таамгууд маш их байдаг.
Владимир Лисин (26.6 тэрбум америк доллар)
Владимир Лисиний хувьд НЛМК групп буюу ОХУ-ын дөрвөн том гана олборлогч компаниудын жагсаалтад багтдаг компаны гүйцэтгэх захирал. Тэрээр 1975 онд Зөвлөлтийн нэгэн уурхайд механикчаар ажилладаг байсан ба энэ нь түүний анхны ажил байв. Энэхүү цаг үеэс эхлэн Владимир Лисин уул уурхайн салбар луу эргэлт буцалтгүй орсон. Мөн гангын үйлдвэрээс түүний хувьд гадна ачаа тээвэрлэлтийн бизнес эрхэлдэг. Тэрээр 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар дэлхийн 58 дахь баян хүнээр нэрлэгдсэн.
Геннадий Тимченко (22 тэрбум америк доллар)
Хамгийн баян Орос хүн болох Ляонид Михельсон болон ерөнхийлөгч Владимир Путины дотны хамтрагч түүний хувьд Орос, Финланд, Армен улсуудын иргэншилтэй. Геннадий Тимченко өөрийн гэсэн хувийн хөрөнгө оруулалтын Волга гэх группыг үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос хойш Владимир Путины дотнын анд нөхөр байсан тул газрын тос олборлох лиценз түүнд олдсон. Ийнхүү Владимир Путины ачаар газрын тос экспортлох боломжтой болсон түүний хувьд байгалийн хийг олборлогч Оросын томоохон компаниудын нэг болох Новатектэй хамтран ажилладаг. Харин одоогийн өрнөж буй дайнаас болж Европын Холбоо түүнийг хар жагсаалтдаа оруулж гадаадын орнуудад түүний эзэмшилд байдаг бүх хөрөнгийг нь хурааж авсан байна.
Алексей Мордашов (21.2 тэрбум америк доллар)
Хэдийгээр 2021 онд 29.1 тэрбум америк долларын хөрөнгө тоолуулж ОХУ-ын хамгийн баян хүнээр тодроод байсан ч гуравдугаар сарын Блүүмбергийн тэрбумтнуудын индексийн мэдээлснээр түүний хөрөнгө 21.2 тэрбум хүртэл багассан гэнэ. Алексей Мордашов нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын холбоотой бөгөөд түүний хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөлд хөрөнгө оруулснаар ийнхүү хөрөнгө нь эрс багассан байж магадгүй гэнэ. Одоогийн байдлаар түүний хувьд ОХУ-ын эхлүүлсэн зэвсэгт халдлагыг дэмжсэн байр суурьтай байгаа бөгөөд хөрөнгө оруулалт болон гангын олборлолтоор хөрөнгөжсөн нэгэн. Үүний улмаас Европын Холбоо түүнийг хар жагсаалтдаа оруулснаас гадна Италийн цагдаа нар түүний Итали дахь тансаг зэрэглэлийн сууцыг хурааж авсан байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)