ОХУ-ын зүгээс эхлүүлсэн Украин улс руу чиглэсэн зэвсэгт халдлагын улмаас Украин улсын иргэд олноороо хөрш орнууд руугаа дүрвэцгээж байгаа билээ. Тэгвэл эх орноосоо дүрвэж буй хүмүүс нь зөвхөн украинчууд биш ажээ. ОХУ-ын иргэд Европын орнууд руу, ялангуяа Финланд улсыг чиглэн дүрвэж байгаа гэнэ. Одоогоор ОХУ ямар нэгэн олон улсын нислэг үйлдэхгүй байгаа тул тус улсыг орхин гарах боломжит аргууд нь зөвхөн машин болон галт тэрэг юм байна. Финланд улс руу явах хуваарьт галт тэрэгний тасалбарууд бүгд дуусаад байгаа бөгөөд тасалбарын үнэ маш ихээр нэмэгдэж байгаа юм байна.
Эдгээр иргэдийн эх орноо орхин явж буй гол шалтгаан нь ОХУ-ын засгийн газрын зүгээс дайн байлдааны тухай хуулийг батлахаар ажиллаж байгаа бөгөөд хэрэв энэхүү хууль батлагдвал хүмүүс ОХУ-аас өөрсдийн мэдлээр дахин нэг хэсэгтээ гарах боломжгүй болж дайны эсрэг үзэл санаагаа илэрхийлсэн хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Ийм учраас Европын орнуудын визатай ОХУ-ын иргэд одоо л тус улсаас гарахгүй бол тэдэнд дахин ийм боломж олдохгүй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна. Мөн ОХУ-тай хил залган оршдог Финланд улс өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд НАТО-д элсэн орох тухай яриа хэлэлцээрүүд хийгдээд эхэлсэн.
П.Тамир
Сэтгэгдэл (6)