ОХУ болон Украин улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлээд нэлээд хэд хоног өнгөрсөн. Тэгвэл дайн өрнөж буй бүс нутгаас дүрвэж буй Украин хүүхдүүд болон бүсгүйчүүдийг хөрш зэргэлдээх орнууд нь идэвхтэй хүлээн авсаар байна. Харин насанд хүрсэн Украин эрчүүд улсынхаа хилийг давах боломжгүй байгаа юм. Украин дүрвэгчдийг харь орон руу нэвтрэх үед хоол хүнс, эрүүл мэндийн баг, сим карттай гар утас, орчуулагч, болон сайн дурын ажилчид хүлээн авч туслалцаа үзүүлж байгаа.
Тэгвэл Герман улсын нийслэл Берлин хотын галт тэрэгний буудал дээр өдөр хэдэн мянгаараа ирж буй Украин дүрвэгчдийг Германы ард иргэд халуун дотно хүлээж авсаар байна. Герман иргэд галт тэрэгний буудал дээр “дөрвөн долоо хоногийн турш хоёр хүн гэртээ байлгана. Хүүхэдтэй ээж байвал хүлээж авна. Хоёр хүний өрөөнд хүссэн хугацаагаараа байрлаж болно.” гэх зэрэг бичгүүдийг барин Украинчуудад боломжоороо тусалсаар байна. Германчуудын төлөөлөл болсон 70 гаруй настай Маргот Балдауф уг үйлдлийнхээ тухай: “Миний хувьд гэрийнхээ илүү өрөөнд хүүхэдтэй Украин ээжийг амьдруулах хүсэлтэй байгаа. Манай ээж өнөөдөр 97 настай бөгөөд дэлхийн 2-аар дайныг өөрийн биеэр туулсан хүн. Тухайн үед тэрбээр эх орноо орхин дүрвэж байсан ба өнөөдөр Украин улсын иргэд тухайн цаг үетэй адилхан нөхцөл байдалд ороод байна. Путины хийж буй үйлдэл надад Хитлерийг санагдуулж байна” гэж хэлжээ.
П.Тамир