ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улс руу халдаж өнөөдрийн байдлаар хоёр улсын хооронд олон тооны зэвсэгт мөргөлдөөн өрнөсөөр байгаа билээ. Тэгвэл уг халдлагын улмаас хоёрдугаар сарын 26-нд Украин улсын интернетийн хурд огцом унасан.
Улмаар Украины дэд ерөнхий сайд болон дижитал өөрчлөлтийн сайдын албыг хашдаг Михаил Фёфоров өөрийн твиттер хаяг дээрээ: “Элон Маск, чамайг Ангараг гарагийг колоничлох гэж оролдож байх үед, ОХУ-ын зүгээс Украин улсыг эзлэхээр завдаж байна. Чиний пуужингууд сансраас амжилттай газардаж байх үед, ОХУ-ын пуужингууд гэмгүй иргэдийг чиглэж байна. Чамаас Украин улсыг өөрийн SpaceX компанийн Старлинк сүлжээний станцаараа хангаж бидний интернетийн асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.” гэж жиргэсэн бөгөөд уг жиргээнд Элон Маск удалгүй хариу өгч түүний гуйлтыг хүлээн зөвшөөрсөн.
Элон Маскын хэлснээр SpaceX компанийн зүгээс Украин улсад Старлинк интернет сүлжээг идэвхжүүлсэн бөгөөд шаардлагатай нэмэлт технологиудыг илгээсэн гэж байв. Уг явдлаас хоёр хоногийн дараа хоёрдугаар сарын 28-нд Михаил Фёфоров өөрийн твиттер хаяг дээрээ Элон Маскийн илгээсэн Старлинк терминалуудын зургийг нийтэлж барааг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. SpaceX-ийн Стралинк интернет сүлжээ нь дэд бүтэц муу хөгжсөн дэлхийн алслагдсан бүс нутгуудыг өндөр хурдны интернетээр хангах зорилготой бүтээгдсэн хиймэл дагуулын сүлжээ бөгөөд одоогоор Украин улсыг интернетээр хангаж эхлээд байна.
П.Тамир