ОХУ Украиныг цэргийн хүчээр түрэмгийлснээс хойш хоёр талын олон мянган хүн амь эрстээд байна. Энэ дайны нэг хохирогч болох шархадсан зургаан настай охин өнгөрсөн ням гарагт Украины Мариуполь хотын эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд бяцхан охин шархаа даалгүй нас баржээ. Охин аав, ээжийнхээ хамт хүнсээ цуглуулахаар супермаркет руу явж байх үед ОХУ-ын зэвсэгт халдлага эхэлсэн юм байна.
Охины амийг аврахын тулд түргэн тусламжийн эмч нар боломжит бүхий л арга хэмжээг авч, шуурхай ажилласан хэдий ч шарх дэндүү хүнд байснаас охин амиа алджээ. Охиныг амьсгал хураах үед аав нь эмч нарын хамт хажууд нь байжээ, харин ээж нь охиноо харж чадахгүй зүрх шимшрэн түргэн тусламжийн машины гадаа уйлан сууж байсан гэдгийг Украины хэвлэлээр мэдээлж байна. Дайн энэ хэвээр удаан үргэлжилбэл амиа алдсан зургаан настай охин шиг гэм зэмгүй олон арван хүүхэд амь үрэгдэх болно. Дайнд гэм зэмгүй хүүхдүүд амь үрэгдэж байгааг Путинд харуул хэмээн дайныг эсэргүүцэгчид цахим орчинд бичжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (14)