ОХУ Украин руу дайрснаас хойшхи энэ таван хоногт хоёр тал тоо томшгүй олон хохирол амсаад байгаа. Энэ дайны уршгаар олон зуун цэрэг эрс, энгийн номхон иргэд амь үрэгдсэнийг юугаар ч нөхөж баршгүй. Энэ бол дайны хамгийн том гарз хохирол. Түүнээс гадна дайны хөлд Украины олон тооны үнэт дурсгалууд нэрвэгдээд байгаагийн нэг нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн хүнд даацын онгоц болох АН-225 буюу “Мрия”. “Мрия” буюу “Мөрөөдөл” хэмээх энэ аварга онгоц Украины Гостомель нисэх буудлын ангарт байхдаа хоёрдугаар сарын 24-нд дайны галд өртөөд байгаа юм.
“Мрия” бол 1980-аад оны дунд үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан одоогийн Украин улсад үйлдвэрлэсэн, стратегийн агаарын тээврийн ачааны онгоц байсан юм. Хожим сансрын хөлөг, онгоцуудыг зөөвөрлөх зориулалтаар шинэчлэсэн бөгөөд үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэсэн “Мрия” найман жилийг ашиглалтаас гаргасан агаарын хөлгүүдийн цэгт өнгөрүүлсэн билээ. Гэсэн ч энэхүү аварга хөлгийг ашиглахгүй байх нь дэндүү харамсалтай хийгээд хайран байсан учир “Антонов”-ын агаарын тээврийн компани дахин засварласнаар ачаа тээврээ зөөж эхэлсэн юм. Дэлхийн хамгийн хүнд даацын, хамгийн том гээд олон дээд амжилтыг эзэмшдэг байсан “Мрия” нэг нислэгээрээ 640 тонн ачаа зөөвөрлөх хүчин чадалтай байлаа. Аварга том “Мрия”-г харахын тулд хуваарьт нислэгийн үеэр олон зуун хүн онгоцны буудал дээр цуглардаг байв. “Мрия” бол Украины бас нэгэн бахархал байлаа, “Мрия” бол нисэхийн салбарт хайртай хүмүүсийн мөрөөдөл нь байлаа. Ийм алдарт хөлөг дайны галд өртөөд байгаа юм. Баяртай, “Мрия”. Баяртай, “Мөрөөдөл” минь.
“Антонов”-ын агаарын тээврийн хамтрагч “Укроборонпром” “Мрия”-г дахин засварлахын тулд гурван сая ам.доллар шаардагдана хэмээгээд энэхүү хөрөнгийг ОХУ-аас нэхэмжилнэ гэдэг байр сууриа илэрхийлжээ.
П.Тамир