ОХУ-ын түрэмгийлэлд өртөөд байгаа Украин улсын армиас гадна иргэн бүр нь улсынхаа төлөө тулалдаж байгаа мэдээллийг дэлхий нийт харж байгаа. Украины иргэдийн зэвсэгтэй нь зэвсэг агсаж, зэвсэггүй нь Молотов коктейль найруулан түрэмгийллийн эсрэг босч байгаа дүр зургийг сошиал орчноос харж болж болно. Тэгвэл тус улсын Львов хотын "Прада" хэмээх шар айрагны үйлдвэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зураг бүхий шошготой шилтэй "Молотов коктейль" хийж түрэмгийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхээр болжээ.
Дашрамд дурдахад "Молотов коктейль" гэдэг нь лонхонд шатамхай түлшийг бусад химийн синтетик материалтай хольж найруулан тэсрэх "бөмбөг" болгон ашиглахыг хэлдэг. "Молотов коктейль"-ийг анх дэлхийн хоёрдугаар дайны үед финландууд оросуудын танкийг эсэргүүцэн ашигласан гэдэг бөгөөд өдгөө украинчууд Оросын танкийг эсэргүүцэхдээ мөн л хэрэглэж байгаа юм. ОХУ-ын арми Киев хот руу дайрах үед Украины удирдагчид иргэн бүр "Молотов коктейль" хийн оросуудыг эсэргүүцэхийг уриалж байсан билээ.
А.Болдбаатар