ОХУ Украин руу дайрснаас хойшхи дөрөв дэх хоногийн үдээс хойш буюу өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн хүчийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаалыг Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов нарт өгсөн. Үүний дараа олон улс орны төр засгийн тэргүүн нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах, Ерөнхий Ассемблейн тусгай чуулганыг хуралдуулах хүсэлт гаргаад байв. Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тусгай чуулганыг даваа гарагт буюу Улаанбаатарын цагаар 22.00 цагт хуралдуулахаар тов гаргажээ. Энэ удаагийн тусгай чуулганаар Украины асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргах бололтой. Энэ хуралдааныг НҮБ-ын Ерөнхий Ассамбейн 76 дугаар чуулганы дарга Абдулла Шахид даргалах бөгөөд НҮБ-ын тогтоолд дангаар хориг тавих эрхийг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван эдэлдэг бөгөөд эдгээр нь АНУ, Франц, ОХУ, Их Британи, БНХАУ. Харин энэ удаа ОХУ-ын вето тавих эрх нь үйлчлэхгүй гэж үзэж байгаа юм. Хоёр өдрийн өмнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн Украин дахь ОХУ-ын түрэмгийллийг буруутгах эсэхээс санал хураахад АНУ, Их Британи, Франц, Норвеги, Ирланд, Албани, Габон, Мексик, Бразил, Гана, Кени улс дэмжиж, БНХАУ, БНЭУ, АНЭУ түдгэлзэж, ОХУ хориг тавих эрхээ эдэлсэн билээ.
А.Болдбаатар