ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн (цөмийн бөмбөг бүхий) хүчийг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тушаал орон нутгийн цагаар 16.30 цагт өглөө. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов нарт Владимир Путин ийн тушаал өгсний дараа Цагаан ордон “Түрэмгийллээ зөвтгөхийн тулд заналхийлж байна” гэж буруутгалаа.
Владимир Путины өгсөн тушаалын дараа Украин ОХУ-ын хэлэлцээ эхэлсэн тухай Оросын эх сурвалжуудаар мэдээлэв. “Риа Новости” хэлэлцээг Беларусийн Гомель хотод эхэллээ хэмээн мэдэгдсэн бол Украины талаас энэ мэдээллийг нотолсонгүй. Украины хувьд газар нутгаараа дамжуулан ОХУ-ын армийг оруулсан Беларусь улсад хэлэлцээг хийхгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Мэдээлэлтэй холбогдуулан дурдахад өдгөө дэлхий дээнр есөн улс цөмийн хошуу эзэмшдэгээс ОХУ 5977, АНУ 5428 байгаа нь хамгийн өндөр тоо юм. Цөмийн хошуу эзэмшдэг есөн улс нь ОХУ, АНУ, Их Британи, Франц, Израиль, Пакистан, БНАСАУ, БНЭУ, БНХАУ. Харин стратегийн хүчээ оруулна хэмээн ОХУ-ын мэдэгдсэн Украин улс 1990-ээд онд цөмийн хошууны тоогоороо дэлхийд гуравдугаарт ордог байлаа. 1994 оны арванхоёрдугаар сарын 5-ны Цөмийн аюулгүй байдлын баталгааны тухай Будапештын гэрээгээр өөрийн эзэмшдэг цөмийн хошуунуудаа бүгдийг нь идэвхгүй болгож байсан юм. Энэ гэрээгээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхдаа цөмийн зэвсэгтэй болж байсан Украин, Беларусь, Казахстан улсууд цөмийн зэвсгээсээ татгалзаж байлаа. Украин 3000 гаруй цөмийн хошуугаа идэвхгүй болгож байсан бол, Беларусь 81, Казахстан 1400 хошууг ОХУ-д хүлээлгэн өгч байсан билээ. Дэлхийн хамгийн олон цөмийн хошуутай ОХУ, АНУ, Их Британи улс энэ гурван улсад “аюулгүй байдал, цэрэг арми, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд нь баталгаа өгсөн”-ий үндсэн дээр Беларусь, Украин, Казахстан гурав цөмийн зэвсгээс татгалзаж Унгарын Будапешт хотноо энэ гэрээнд гарын үсэг зурсан байдаг юм. Харамсалтай нь энэ гэрээгээр хүлээсэн “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд баталгаа өгсөн” үүргээ ОХУ умартан 2014 онд Украинаас Крымийг булаан авсан гэдэг. Үүнийгээ оросууд “орос үндэстнээ хамгаалсан, гарцаагүй байдал” хэмээн тайлбарладаг ч барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг энэ үеэс тавьсан юм. Дашрамд дурдахад хүн төрөлхтөний эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн цорын ганц улс нь АНУ. Тэд дэлхийн хоёрдугаар дайны үед 1945 онд Японы Хирошима, Нагасаки хотуудад цөмийн бөмбөг хаяснаар олон зуун мянган хүн амиа алдаж, хор уршиг нь олон арван жил үргэлжилсээр байгаа билээ.
П.Тамир
Сэтгэгдэл (3)