Украин улс руу чиглэсэн ОХУ-ын зэвсэгт халдлага тус бүс нутагт амьдардаг олон сая хүмүүсийн амь насанд аюул учруулж амар тайван амьдрах эрхийг нь зөрчиж байгаа билээ. Тэгвэл өчигдөр эхэлсэн уг довтолгооны дараа Украин улсын олон зуун мянган иргэд ар гэрээ орхиж хөдөө хээр нутаг эсвэл хөрш зэргэлдээх орнуудыг зорьж эхэлжээ. Одоогийн байдлаар 100,000 гаруй хүн аюулгүй газар хайж гэрээ орхиод байгаа гэх тооцоолол байгаа бөгөөд томоохон хотуудаас гарах цэгүүд дээр их хэмжээний замын түгжрэл үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Украин улсын хөрш орнууд 44 сая хүртэлх тооны дүрвэгчид буюу тус улсын нийт хүн амыг бүхэлд нь хүлээж авахад бэлэн гэдгээ мэдэгдээд байна.
Польш улсын мэдээлснээр хилийн ойролцоох бүс нутгуудаараа шархадсан украинчуудыг эмчлэх эмнэлэг мөн дүрвэгчдийг хүлээн авах цэгүүдийг бэлдэж байгаа юм байна. Тус улсын дотоод хэргийн сайд Мариуш Камински “Польш улс нь өөрийн болон хөрш орныхоо иргэдийн хувьд аюулгүй газар” гэжээ. Мөн Украин улсын урд байрладаг Молдав улсын хилийн ойролцоо хэдэн мянган хүмүүс өчигдрийн довтолгооноос өмнө ирээд байсныг мэдэгджээ. Молдав улс руу дүрвэгчид нэвтрээд эхэлсэн ба Словак болон Унгар улсууд дүрвэгчдийг хүлээн авах цэргүүдийг Украин улсын хил дээгүүр байршуулсан байна. Одоогоор дүрвэгчдийн тоо харьцангуй бага байгаа нь хил дээр очоод буй хүмүүсийн ихэнх нь алхаж очсон ба машинтай хүмүүс замын түгжрэлийн улмаас их цаг алдаж буйтай холбоотой.
Дүрвэгчдийн дунд цэрэгт татагдаж дайнд оролцохоос зайлсхийж эх орноосоо зугтааж буй залуус ч цөөнгүй байгаа ажээ. Гэхдээ дайнд сайн дураараа оролцож эх орныхоо төлөө тулалдахаар шийдсэн Украин эрчүүд маш их байгаа бөгөөд цэргийн штаб бүрийн гадаа сайн дурынхнаас бүрдсэн урт дараалал үүсээд байгаа юм байна.
П.Тамир
Сэтгэгдэл (1)