2006 оноос буюу Их Түмэн Санаачлага (ИТС)-ын байгуулагдсан цагаас хойш Монгол улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачлагын гишүүн орнууд юм. 2018 оноос ГОУХАН-ийн хөтөлбөр, Монгол улсын холбогдох оролцогч талууд хамтран Монгол улсын бүс нутгийн интеграцийн хамтрын ажиллагааг бэхжүүлж, ИТС-д Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол улс дахь ИТС-ын Оролцогч талуудын ээлжит уулзалтууд зохион байгуулж эхлээд байна. Тус ээлжит уулзалтууд нь “Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь” (GIZ SRECA) төслөөс ИТС бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд Монгол улс оролцох, бүс нутгийн интеграцид нэгдэхэд үзүүлж буй дэмжлэгийн нэг хэсэг юм. Эдгээр уулзалтын зорилго бол Монгол улсын Ажлын нэгжүүдийн санал болгож буй төслийн саналын чанар, хэрэгжилтийг сайжруулах, Монгол улс дахь Ажлын нэгжүүдийн харилцаа холбоог идэвхижүүлэн тогтмолжуулж улмаар ИТС-ын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү үр дүнтэй оролцоход чиглэсэн.
“Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь” (GIZ SRECA) хөтөлбөр нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) GmbH хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд Камбож, Лаос, Монгол, БНХАУ, Вьетнам зэрэг орнуудад дэд бүс нутгийн механизм, тухайлбал Зүүн Өмнөд Азийн АСЕАН-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр (ACFTA), Зүүн Хойд Азийн Их Түмэн Санаачлага (GTI) хүрээнд ажилладаг.
Энэ удаагийн уулзалт нь 4 дэх удаагийн ИТС-ын Монгол дахь оролцогч талуудын уулзалт, ИТС-ын Техник, туслалцааны төслийн санал боловсруулах сургалт хэлбэрээр явагдлаа.Тус сургалтыг 2019 оны 9-р сарын 25-26-ны өдрүүдэд сургалт, менежментийн “Аппликацио” компанитай хамтран, ГОУХАН-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа. Сургалт, уулзалтанд Монгол улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Монгол улсын Хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний аюулгүй байдлын газрын дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн, Дорнод, Хэнтий болон Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл бүхий нийт 20 гаруй ИТС-ын Монгол дахь ажлын нэгж, оролцогч талууд идэвхитэй оролцлоо. Мөн ИТС-ын Ажлын албаны дарга Б. Төгөлдөр хүрэлцэн ирж, оролцон ИТС-ын санхүүжилт, техник, туслалцааны төслийн санхүүжилтийн талаар танилцуулга хийж, оролцогчидтой санал солилцлоо.
Оролцогчид ИТС-ын стандартын дагуу техник, туслалцааны төсөл боловсруулах үндсэн зарчим, төслийн загвар хэрхэн зөв ашиглах болон төсөл боловсруулахад тулгардаг ерөнхий бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, техник, туслалцааны төслийн төсөв, санхүүжилт, мониторинг, үнэлгээний талаар суралцаж, төслийн санал бичих чадвар, мэдлэгээ өргөжүүллээ. Үүнээс гадна сургалт, уулзалтын явцад оролцогч талууд өмнөх уулзалтын дараа хийсэн ажил, хуримтлуулсан туршлага, сайжруулсан төслийн саналаа хэлэлцэж, санал дүгнэлт гаргахын зэрэгцээ цаашид хэрхэн сайжруулах тухай харилцан нэг нэгнээсээ суралцаж, мөн хамтын ажиллагаагаа тус уулзалтуудын хүрээнд хэрхэн өргөжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцлаа.
Хөтөлбөрийн талаарх мэдээллийг https://connecting-asia.org/ веб хуудаснаас, ИТС-ын талаарх нарийвчилсан мэдээллийг http://www.tumenprogramme.org/ хаягнаас авна уу .