Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн харилцааг зохицуулах 35 журмыг олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү шинэчлэлээр татвар төлөгчдөд ямар давуу байдал үүсч байгаа талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нэг хувийн татвар төлж, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцаан авах боломжтой болж байгаа гэсэн. Чухам ямар тохиолдолд нэг хувийн татвар төлөх юм бэ?
-Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчид нэг хувиар татвар төлөх, төлсөн татварын 90 хувийн буцаан олголтоор татварын хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлж өгсөн. Энд нэг хувиар татвар төлөх, 90 хувийн татварын буцаан олголт гэдэг хоорондоо ялгаатай ойлголт гэдгийг анхаарах зүйтэй.
Нэг хувиар татвар ногдуулах нь хоёр тусдаа ойлголт юм. Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан системийг нэвтрүүлж байгаа. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 50 саяас доош дүнтэй хувь хүн, хуулийн этгээдэд хамаарна. Эдгээр иргэн хуулийн этгээд өөрөө хүсвэл хялбаршуулсан системд бүртгүүлж, татварын тайлангаа жилд нэг удаа өгнө. Мөн нийт борлуулалтын орлогынхоо нэг хувийг татварт төлөх юм.
Харин 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой хуулийн этгээдүүд татвар ногдуулах орлогын нэг хувиар татвараа төлнө гэсэн хоёр өөр зохицуулалт бий. Дээрх зохицуулалт нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор орсон.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуульд тусгагдсан 1 хувь болон хялбаршуулсан тайлангын горимд шилжиж төлөх 1 хувь хоёр ялгааг жишээгээр тайлбарлаад өгөөч?
Татвар төлөгч 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлөхийг тайлбарлая. А аж ахуй нэгж 250 сая төгрөгийн борлуулалтын орлоготой үүнээс 180 сая төгрөгийн зардлаа хасаад цэвэр ашиг нь 70 сая төгрөг болсон. Үүнээсээ 10 хувийн татвар төлдөг байсан бол нэг хувийн татвар буюу 700 мянган төгрөгийн татвар төлөхийг хэлнэ.
Харин татвар төлөгч өөрийн хүсэлтээр хялбаршуулсан горимоор тайлан өгөхөөр бол 50 саяас доош борлуулалтын орлоготой байх ёстой. Б аж ахуйн нэгж 30 сая төгрөгийн борлуулалтын орлоготой гэж үзвэл үүнээсээ шууд нэг хувийн татвар буюу 300 мянган төгрөг төлнө. Б аж ахуйн нэгж хялбаршуулсан горимоор тайлан өгснөөр хасагдах зардлыг баталгаажуулах баримт бүрдүүлэхгүй болно гэсэн үг юм.
-90 хувийн буцаан олголт гэж чухам юуг хэлээд байна вэ?
-300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нь жилд нэг удаа татварын тайлан өгч, татвар ногдуулах орлогын 10 хувиар татвараа төлж, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авах замаар татварын хөнгөлөлт эдлэнэ. Энэ хөнгөлөлтийг ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгж эдлэхийг хуульд тусгайлан зохицуулсан байгаа. Энэ хөнгөлөлт бол өмнө нь байгаагүй шинэ гарч ирж байгаа зохицуулалт.
-Тухайлбал, ямар тохиолдолд энэ боломж татвар төлөгчид хаалттай байх вэ?
-Татварын хялбаршуулсан системийг өөрийн хүсэлтээр сонгон эдлэх эрхтэй. Энэ системд хамрагдахын тулд 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой байх ёстой. Мөн татварын бүртгэлийн нэгдсэн цахим системд холбогдсон байх учиртай. Уул уурхай, согтууруулах ундаа, архи тамхины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол энэ боломжийг эдлэх боломжгүй. Ер нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бол татварын аливаа хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх боломжгүй хязгаартай байдаг. Мөн үүрэн телефон, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг бол энэ заалт хамаарахгүй.
Энд нэг зүйлийг онцлон хэлье. Хялбаршуулсан систем сонгосон иргэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгж нь давхар өөр ямар нэгэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй. Хэрвээ татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийг хүсч байвал уг хялбаршуулсан системийг сонгож болохгүйг анхааруулж хэлмээр байна. .
-Татварын шинэчлэлээр тайлан гаргах тоо багассан гэж иргэд аж ахуйн нэгжүүд баяртай хүлээж авч байх шиг байна?
-Өмнө нь татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж бүгд жилд дөрвөн удаа, хувь хүн нэг удаа тайлан өгдөг байсан. Татварын шинэчлэлээр энэ байдлыг өөрчилж байгаа. Үүгээрээ татвар төлөгчид учруулж буй татварын тайлагналтай холбоотой зардал, цаг хугацааг бууруулсан шийдэл болж байгаа. Нэг хувиар буюу хялбаршуулсан систем сонгосон татвар төлөгч жилд нэг удаа татварын тайлан өгөх юм. Тухайлбал, 0-1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа тайлан өгнө. Борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас дээш, татвар ногдуулах орлого 6 тэрбум төгрөг хүртэл жилд 2 удаа, 6 тэр бумаас дээш татвар ногдуулах орлоготой бол жилд 4 удаа тайлан өгөх юм.