Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн талаар танилцууллаа.
Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 353.4 (18.4%) тэрбум төгрөг, зарлага 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 343.9 (19.7%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө.
Нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 353.4 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэвэрийн даатгалын сангийн орлого 282.7 (20.5%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 34.3 (14.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2019 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 343.9 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 185.6 (13.8) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага 68.0 (2.8 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Энэ оны 10 дугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 239.1 тэрбум, зарлага 204.0 тэрбум болж, өмнөх сараас орлого 11.7 (5.2%) тэрбум төгрөгөөр, зарлага 4.9 (2.4%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний 10 сард 437.9 мянган хүнд 246.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 234.4 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 125.8 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж” авсан хүний тоо 3.2 дахин, олгосон тэтгэмжийн хэмжээ найм дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 10 сард 57.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 776 (1.3%)-аар буурч, харин олгосон тэтгэврийн хэмжээ 13.2 (17.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2019 оны эхний 10 сард 57.7 мянган хүн хамрагдсаны 68.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 5.4 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 10 сард 97.5 мянган хүн хамрагдсаны 60.7 хувь нь асаргааны тэтгэмжид, 39.3 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2019 оны эхний 10 сард 61.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 29.6 (92.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Түүнчлэн энэ оны 10 дугаар сард 18 хүртэлх насны 988.3 мянган хүүхдэд 189.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
Сэтгэгдэл (4)