Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн талаар танилцууллаа.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.8 (9.0%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.8 (3.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 185 (1.0%) хүнээр буурсан байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны аравдугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад аравдугаар сард 10222 хүн шинээр бүртгүүлсний 56.5 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
Харин бүртгэлтэй ажилгүй иргэдийн аравдугаар сарын эцэст 49.6 хувийг бүрэн дунд, 29 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 4.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.2 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, нэг хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.
Түүнчлэн өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.2 (17.6%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 106.1 (18.0%) мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 51.1 (53.3%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны гуравдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 84.8 (7.9%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 3 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 200.4 (17.8%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 168.2 (19.6%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны гуравдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91.1 (8.1%) мянган төгрөгөөр өссөн байна. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300.000 төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянгаар, 500.001-700.000 төгрөгийн орлоготой өрх 28.4 мянгаар буурсан бол 1.100.001-1.600.000 төгрөгийн орлоготой өрх 18.7 мянгаар, 1.600.001-2.100.000 төгрөгийн орлоготой өрх 45.1 мянгаар, 2.100.001 төгрөгөөс дээш орлоготой өрх 33.4 мянгаар нэмэгдсэн байна.