Баянхошуу дэд төвийн 1000м3 хүчин чадалтай усан сан fөчигдөр буюу энэ сарын 19-нд ашиглалтад орлоо. Дэд төвийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд, “Бумбод” ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд барьсан 1000м3 хүчин чадалтай усан сангийн барилга угсралтын ажил ийнхүү бүрэн дуусч, үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Уг усан сангийн барилга ашиглалтад орсноор Баянхошуу дэд төвд оршин суугаа 3.466 өрхийн 13.163 иргэд ундны усны эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэж байгаа аж.
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Одоогоор төслийн нэгдүгээр үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 71.61 хувьтай хэрэгжиж байна. Цаашид төслийн хоёрдугаар үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвүүдэд, гуравдугаар үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.