Агаар, орчны бохирдлыг бууруулахад 2010-2018 оны хооронд 547,3 тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь ямар ч үр дүнгүй салхинд хийссэн гэдгийг Үндэсний аудитын газраас тогтоосон нь саяхан. Тэгвэл 2020 онд агаар, орчны бохирдлыг бууруулахад 137,6 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгахаар болсон байна. Энэ нь 2019 онд төсөвлөсөн хөрөнгөнөөс даруй 41,1 тэрбум төгрөгөөр илүү юм. Засгийн газраас төсвийн зардал огцом өсөж орж ирсэн шалтгаанаа түлшний түгээлт, борлуулалтад 41,1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэж тайлбарласан. Тэгвэл бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэдэн төгрөгийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан бэ.
Агаарын бохирдлыг бууруулахад 2018 онд улсын төсөвт 16,8 тэрбум төгрөг тусгасан бол орон нутагт төсөв батлаагүй юм байна. Харин 2019 онд улсын төсөвт 75,2 тэрбум төгрөг, орон нутагт 21 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөж байжээ. Дээрх төсвөөс гадна өмнөх 547,3 тэрбум төгрөгийн үр дүнд агаарын бохирдол хэдэн хувиар буурсан, яг ямар ажил хийсэн талаарх ажлын нарийвчилсан тайланг одоо хүртэл олон нийтэд ил болгоогүй байна.
Г.Алимаа