БНХАУ-ын 148 сая юанийн (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр зэсийн баяжмал экспортлох 2, нүүрс экспортлох 10 эгнээ хүнд даацын авто зам, талбай, барилга байгууламж, дэд бүтэц, ногоон байгууламжийн цогцолбор барих төсөл өнөөдрөөс эхэллээ. Тодруулбал, уг төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд "Гашуунсухайт" боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй юм.
Ингэснээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн теле хяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд суурилагдах юм.
Уг ажлыг ирэх 2020 оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөсөн бөгөөд төслийн үр дүнд "Гашуун сухайт" боомтод үүсдэг нүүрсний тээврийн автомашины дараалал буурах сайн талтай юм байна.