УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Ажлын хэсгээс гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
С.Бямбацогт: Автозамын тухай хууль, Автотээврийн тухай хуулийг хооронд нь уялдуулах ямар бодлого барьж байгаа вэ. Барьж байгаа зам дээгүүр нүүрс, гурил, цемент тээвэрлэхдээ даацыг нь хэтрүүлдэг. Ингээд замаа эвдээд байдаг. Энд чиглэсэн олон удаа, олон шаардлага тавьдаг. Тодорхой үр дүн гарахгүй байна. Тиймээс энэ талаар цаашид хууль батлагдснаар ямар үр гарах, энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа. Цаашид хэрхэн зохицуулах юм бэ.
Ажлын хэсэг: Даац хэтрүүлж байгаа асуудалд зохицуулалт хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан. Монгол Улс 1998 онп Венийн конвенцид нэгдэж орсон. тиймээс конвенцийн заалтаар нийтийн хэрэгцээний замд явах зөвшөөрөгдөж байгаа тээврийн хэрэгслийн нийт жинг Венийн конвенцид заасан хэмжээгээр явахаар зохицуулсан. Гэтэл уул уурхайн тээвэрлэлттэй холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүссэн . Үүнийг зохицуулах боломжгүй байсан. Өнгөрсөн онд автозамын тухай хууль шинэчлэгдэж уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын зам гэдэг котегори нэмэгдсэн. Тиймээс тусгай зориулалтын зам дээр явах тээвэрлэлтийг зохицуулах зохицуулалтыг тусгай дүрэм журмаар зохицуулахаар заасан.
О.Батнасан: Хуульд болохгүй зүйл их байна. Мэргэшсэн жолоочоо боль. Төрийн хүнд суртал дийлдэх ээ болилоо. Олон улсад шаардагдаж байгаа бол тэрийгээ тээвэр хийх цөөхөн жолоочдоо өг. Та нарын олон давхар зөвшөөрөл энэ төрийн хүнд суртал, тусгай зөвшөөрөл зэрэг чинь ард иргэдийг асар их дарамталж байна. Зөвшөөрөл нь гарахгүй хоёр, гурван сар болдог. Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энд ард түмний түгээмэл хэрэглээ болсон пруссыг хориглож байгаа. ард түмэн приусээ унахгүй бол зөв талдаа хүрдтэй Солонгосын sonata аваад унах боломж байгаа юу. Ямар судалгаа тооцоо хийсэн бэ. Энэ хуульд ийм заалт орсон байгаа.
Ажлын хэсэг: Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн асуудал бий. Үүнийг олон жил ярьж байгаа. Гаднын зөвлөхүүдийн өгсөн зөвлөмж, 2012 оны Засгийн газрын гаргасан тогтоолоор баталсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги дээр баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлана гэсэн зохицуулалт орсон. Гэхдээ хэрэгжээгүй байгаа юм. 2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 970880 тээврийн хэрэгсэл байна. Үүнийг жолооны хүрдний байрлалаар авч үзвэл улсын хэмжээнд 53.2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй машин байна. Нийслэлийн хэмжээнд 61.2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй машин байна. Нийтдээ зам тээврийн осолд холбогдож байгаа машины 72 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй машин байна.
О.Батнасан: УИХ-ын гишүүд ард түмний унаа приусийг хориглож, 2021 оноос зориулалтын машиныг оруулж ирээд унах эсэх асуудлыг шийднэ биз. Би бол баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглохын эсрэг байгаа. Ард түмний нөхцөл байдал амьдралын түвшин тийм машин унах дайны байна уу үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Олон улсын зөвлөхүүд зөвлөж байгаа нь үнэн. Зөрчил, осол гарч байгаа нь ч үнэн. Гэхдээ хөрсөн дээрээ амьдрал ямар байгааг бодох хэрэгтэй.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 57.5 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (27)