Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болсон
АН-ын дарга Н.Алтанхуягийн анхны ажил нь ард түмний сэтгэлд хүрсэнгүй.
Шинэ засаг гарч, амьдрал өөдлөх нь гэж хүлээж байсан иргэд баахан сэтгэл
дундуур байна.

Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болсон АН-ын дарга Н.Алтанхуягийн анхны ажил нь ард түмний сэтгэлд хүрсэнгүй. Шинэ засаг гарч, амьдрал өөдлөх нь гэж хүлээж байсан иргэд баахан сэтгэл дундуур байна. Учир нь шинэ Засгийн газар байгуулагдаад хийх эхний ажил нь Төрийн ордонд иргэд орж, гарахад нээлттэй болгох аж. Тэрбээр сэтгүүлчдийг цуглуулан Төрийн ордны өмнө байрлах Чингисийн хөшөө, Есөн хөлт цагаан туг, Төрийн түүхийн музейгээр хамт аяласан. Н.Алтанхуяг “Төрийн ордон иргэдэд нээлттэй, тунгалаг болохын тулд хамгийн түрүүнд иргэд эзэн Чингисийнхээ хөшөөний өмнө зургаа авахуулах боломжоор хангах хэрэгтэй. Дараа нь Есөн хөлт цагаан тугандаа мөргөөд, улмаар Төрийн түүхийн музейгээр зочилж, Монголынхоо түүхтэй танилцах ёстой” гэсэн юм. Чингис хааны хөшөөнд ойртож зургаа авахуулж, Төрийн ордондоор аялана гэдэг сайхан хэрэг. Гэхдээ Засгийн газрыг үүнээс илүү том ажил хүлээж байна. Сонгуулийн өмнө тараасан бэлэн мөнгөөс болж өссөн үнийн хөөрөгдлийг яах вэ? Хоногийн хоолныхоо махыг хасч суугаа олон айлыг яахав ээ? Шинэ Засгийн газар байгуулагддаг юм аа гэхэд хамгийн түрүүнд хийх, санаа тавих ажил нь энэ баймаарсан гэж иргэд шүүмжилж байна. Тэгээд ч өмнө нь Чингис хааны хөшөө зураг авахуулахад нээлттэй байсан. Харин тэнд зургаа авахуулах, шатан дээр нь амрах гэсэн иргэд их хааны хөшөөг хогоор дүүргэж, бохирдуулж байсан тул ийнхүү хамгаалалт гаргасан гэдгийг Н.Алтанхуяг мартсан бололтой. Н.Алтанхуяг өмнөх Засгийн газарт тэргүүн шадар сайд гэх том албанд ажиллаж байх үедээ ордныг нээлттэй болгох боломж өчнөөн байсан. Гэтэл одоо л дөнгөж ордонтой танилцаж, ордны харанхуй, хаалттайг мэдэрч байгаа хэрэг үү? гэх иргэд олон байна.

УИХ байгуулагдаад удлаа. Засгийн газар нь ажилдаа ороогүй л байдаг. Наадмын дараа намар гэгчээр мах, гурилын үнэ бага багаар өсч, оюунтны сургалтын төлбөр иргэдийн толгойг өвтгөөд эхэлсэн. Энэ жил Төрийн сангаас оюутнуудын төлбөрийг өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан тул зарим иргэд хүүхдээ сургуульд явуулахгүй гэж шийдэж эхлээд байна. Гэтэл манай шинэ засаг зураг хөргөө авахуулах газрыг нь бэлдэж байдаг нь арай л амьдралаас хол тасархай байх шиг. Хүүхдээ сургуульд явуулж чадахгүй, өдрийн хоолны мөнгөө яаж хүргэе гэж бодож байгаа энгийн иргэнд юун Төрийн орноор зугаалаад явж байх зав, завшаан олдох билээ? Харин гайгүй амьдралтай завтай хүмүүс Н.Алтанхуяг даргатай хамт музей үзэх байх.
Ер нь тэгээд засаг нээлттэй байна гэдэг иргэддээ ажлаа үнэн, зөв тайлагнаж байна гэсэн үг болохоос ордон руу олноор нь оруулж, гаргана гэсэн үг биш гэж шүүмжлэх хүн олон байна. Баахан сэтгүүлчдийг цуглуулж хийж эхлээгүй ажлаа ийнхүү рекламдаж байгаа нь ч бас олон нийтэд таалагдсангүй. Хийсэн хойно нь ийм зүйл хийлээ гэвэл ард түмэн эерэгээр хүлээж авна. Гэтэл шинэ ерөнхий сайд ийм жижиг зүйлээр ажлаа эхэлж, түүгээрээ өөрийгөө рекламдсан нь тоогүй хэрэг гэсэн шүүмжлэл гараад байна.
Т.Гэрэл