Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ удаагийн мэдээллээрээ зүгээр л хандлагаа өөрчилье гэдгийг уриалав.
Ингээд түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Төсвийн зардлаа багасгасан, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө баталсан, чөлөөт худалдааны анхны гэрээг Япон улстай байгуулсан, МСС-н хоёр дахь төслийг хэрэгжүүлэхээр болсон гэх мэт 40-өөд том ажлыг 100 хоногтоо амжуулж хийж гүйцэтгэлээ.
2. Орилж хашгирч, жагсаж тэмцэж, огцруулж сольсноор бол бид хөгжлийн манлайд хэдийн хүрсэн байх байлаа. Нүдээ нээж эргэн тойрноо нэг анзаарцгаая.
3. Их улс төр биш их ажил хийцгээе.
4. Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно.
5. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна.
6. Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.
7. Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.
8. Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна.
9. Сонгодог парламентын засаглалдаа эргэлт буцалтгүй орох уу, сум дүүргийн даргаа иргэдээсээ шууд сонгох уу, их хурал дан эсвэл давхар танхимтай байх уу, Их хурал, Засгийн газрын гишүүн дан давхар дээлтэй байх уу, хот, нийслэлээ зааглах уу гээд олон асуудлаа нэг мөр болгох ажлаа нийгмээрээ нэг сайн хэлэлцье.
10. Улс төрийн намуудаа олон түмний хүсэн хүлээж байгаа эрүүл цэвэр, эрхэм шинж чанартай болгох, шинэчлэх, намын шинэ хуулийг батлах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн шинэ хуулиа баталж гаргахын төлөө
11. Популистуудын амаар бол болж бүтэх юм, хэрэгжиж дуусах юм нэг ч байхгүй. Нэг бол гэрээ нь муу гэнэ, эсвэл төмөр зам нь биш гэнэ, эцэстээ уул, үхэр, булш... гээд л хөгжлийг гацаагч үгсийн энэ цуглуулга улам баяжих шинжиндээ орлоо.
12. Засгийн газар орон нутгийн татварын шинэ тогтолцоог шийдвэрлэсэн хуулийг өргөн барина. Шинэ хуулиар уурхай үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх болно.
13. Гацууртын ордыг ашиглах эсэхийг Улаанбаатарт том том тэрэг хөлөглөсөн хүмүүс биш Мандал сумынхан өөрсдөө л шийдэг.
14. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй.
15. Засгийн газар энэ оны 7 сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ зарлаж байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байна.
16. Зах зээлийн зөв зарчим дээрээ суурилаагүй өнөөгийн байдал тариаланчдыг тариан талбай дээр бус Чингисийн талбай дээр ажлаа хийхэд хүргээд байна. Иймд ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
17. Дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм.
18. Эдийн засаг хүндхэн байгаа ч сар шинийн дараахан бид тэтгэврийн нэмэгдлээ шийдсэн. Одоо удахгүй цалингийн нэмэгдлээ шийдэх болно.
19. 5-р цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгдлээ. Цементийн эх орны гэсэн тодотголтой дараагийн үйлдвэрүүд энэ зун ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ жил бид алтны үйлдвэрлэлээ дэмжсэнээр урд өмнөх жилүүдээсээ илүү гарч 20 тн алт тушаана.
20. Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ.
21. Татварын орчныг ойлгомжтой энгийн болгох, олон улсын жишиг стандартад нийцүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, буцаан олгох, татварын маргааныг эрүүгийн гэхээсээ илүү иргэний журмаар шийддэг болгох 10 илүү багц хуулийн төслүүдийг Засгийн газраас Их хуралд өргөн барилаа.
22. Монголд ирж байгаа гадны хүмүүсийг бидний сайн сайхны төлөө мөнгөө энд үрэхээр ирсэн хүмүүс, хөрөнгөө энд үлдээхээр ирсэн хүмүүс гэж шинээр харж сурцгаая.
23. Жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор УИХ-д өргөн барьсан казино, морин тойруулгын уралдаан бооцооны хуулиудыг яаралтай батлах, битүү цэнгэлдэх хүрээлэн барих, хурал үзэсгэлэнгийн төв, кино үйлдвэр студи шинээр байгуулах төслүүдэд Засгийн газар онцгой анхаарах болно.
24. “Марко поло” цувралын уран бүтээлчидтэй тус киноны 2-р цуврал дээр хамтрахаар тохиролцлоо. Монголд шинэ кино студийн барилга байгууламж барьсан тохиолдолд Марко Пологийн 3,4-р цуврал, дараагаар нь Чингис хааны цуврал кинонуудыг хамтран хийхээр тохиролцлоо. Чингисийн талбайд дэлхийн хэмжээний том уран бүтээлчийн концертыг зохион байгуулах болно гэдгээ амалж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (23)