Монголын тусгай олимпын хорооны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлон, Италийн Турин хотноо гуравдугаар сарын 8-нд эхлэх Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол Улсаас 25 тамирчин оролцуулахаар удахгүй эх орноосоо мордох талаар ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй уулзаж, мэдээлэл өглөө.
ОУОХ-ноос албан ёсоор хүлээн зөвшөөрсөн энэхүү байгууллагатай МҮОХ-ноос хамтран ажиллаж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах болно гэдгийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг илэрхийлээд дээрх наадамд оролцох Монголын багийг нэгдсэн хувцас хэрэглэлээр хангах, мөн тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсноо дуулгажээ.
Тусгай олимпын өвлийн наадамд манай улсаас гүйлтийн цана, уулын цана, спортын бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг спортын зургаан төрөлд есөн эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцоно.