Агаарын чанарыг Улаанбаатар хотын 19 цэгт хэмждэг. Тус үзүүлэлтээр өнгөрсөн онд PМ2.5 тоосонцорын агууламж стандартаас хэмжээнээс 46 хувь давсан байсан бол энэ онд 81 хувь болж нэмэгдсэн байна. Азотын давхар исэл 38 хувь байсан бол 71 хувь болж нэмэгдсэн, РМ10 тоосонцор 26 хувь байсан ч 67 хувь болж нэмэгдсэн. Хүхэрлэг хийн хэмжээ стандартаас 52 хувиар илүү байсан бол 85 хувь болж нэмэгдсэн болохыг ЦУОШГ-аас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүйн түвшнээс даруй хэд дахин давсан “бохирдол” нийслэлийг бүрхэн авсан ч тоохгүйн замдаа оров бололтой.
PM10 буюу том ширхэглэгт тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг байна. Энэ бол “үзэгддэггүй дайсан” л гэсэн л үг. Агаар мандалд буй олон төрлийн бодисууд хүний эрүүл мэндэд нөлөөлдөгч хамгийн сөрөг нөлөөтэй нь РМ2.5 болон РМ10 тоосонцор хэмээн дурдагдсан байдаг.
Тиймээс “агаарын чанарын үзүүлэлт”-ийг харж, амны хаалт зүүх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.
Агаарын бохирдлын хор уршгийг хүртэгч, хамгийн их “хохирогч” нь хүүхдүүд юм. Энэ үед тав хүртэлх насны хүүхэд ихээр өвчилж байгаа нь хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрцний сул хөгжилтэй холбоотой аж. Үүгээр зогсохгүй, 10000 хүнд ноогдох өвчлөлийн зонхилох ангилалд амьсгалын тогтолцоо, зүрх судасны өвчлөл багтдаг. Хүйтний улиралд агаарын бохирдлын улмаас уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлт, хатгалгаа сэдэрдэг байна.