Сэтгүүлч А.Бүрэнбаатартай ярилцлаа.
-Нийгэм тэр дундаа сэтгүүлзүйн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлаас яриагаа эхэлье. “ТВ8” телевизийн эфирийг “MNBC” компанийн зүгээс хаасан нь маргаан дагуулж байна. Сүүлдээ МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ асуудалд оролцож эхэлсэн нь асуудлыг улам ээдрээтэй болголоо гэж ярих хүн олон байна. Шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүсийн нэг нь Та?
-Х.Мандахбаяр ерөнхийлөгч гэхээсээ манай телевизийн салбарын өөрийнх нь хөгжил тогтолцоо нь эрүүл бус байна. Үнэхээр уурлаж, бухимдаж, тэсэрмээр үе гардаг. Тухайн телевиз болон телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компани хоорондын зөрчил өмнө нь байсан асуудал. Одоо ч тийм. Миний хувьд 2015 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг даргаар нь ажиллаж байхад өргөдөл өгч байлаа. Дараа нь Д.Энхтөр гэдэг залуу дарга болоход мөн адил хандаж байсан. Өнөөдөр үүсээд байгаа асуудалтай адилхан шалтгаанаар. Тэр үед би нэг телевизийн захирлаар ажиллаж байсан юм.
Телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компаниуд дотоодын телевизийн сувгийг дамжуулснаараа тэднээс мөнгө авдаг. Тэгсэн мөртлөө HBO, CNN, Baby TV зэрэг гадаад сувгийг оруулж ирэхдээ өөрсдөө мөнгө төлдөг. Анх холбохдоо 20-50 сая төгрөг авдаг гэдэг. Сар бүр 1 сая орчим төгрөг сувагчлалын түрээс гэж бас авдаг. Энэ нь өөрөө телевизид дарамт болдог.
Үүний илрэл нь Х.Мандахбаяр гэдэг хүн дээр гарч ирсэн байна гэж би ойлгоод байгаа. Гэхдээ тухайн хүн дээр гарч ирсэн илрэл, зан авир нь МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд байж болохгүй асуудал. Уг нь тэр хүний эзэмшлийн сайт, сонин, телевиз өөрийн гэсэн гүйцэтгэх удирдлагатай байж таараа.
Тэр удирдлагууд нь яагаад хөөцөлдөж болоогүй юм. Өөрөө ч гэсэн “MNBC” компанийн байранд олон жил байрлаж байсан шүү дээ. Гэтэл тэр газартайгаа эргээд зөрчилдөөд байгаа нь их сонин асуудал.
Үүнийхээ хүрээнд өөрийнх нь мэдлийн сайт, сонин, телевизээрээ дамжуулж Туулын бургасыг эргэн сурвалжилж цувралаар нийтэлж байх жишээтэй. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол, шантааж хийж байгаа үнэр үнэртээд байгаа юм. Сэтгүүлч хүний хувьд дор нь гадарлана. Ямар нөхцөлд хэн яаж ханддаг билээ. Гүйцэтгэх удирдлагаараа дамжуулаад албан бичиг өгчих асуудлыг шууд утсаар ярьсан нь ардаа ямар нэгэн эрх ашиг байх магадлалтай. Телевиз удирдаж явсан хүний хувьд хөрөнгө оруулагчидтайгаа ийм асуудлаар уулзахад чи өөрөө шийд л гэдэг байсан. Телевизийнхээ дамжуулалтыг салгуулчихаад би өөрөө очиж MNBC компанийн захиралтай уулзаж л байсан. Зовлон жаргалаа яриад буцааж холбуулж л явлаа. Ер нь кабелийн суваг дамжуулдаг компаниудад телевизийн эфирийг хаах эрх байхгүйлдээ. Харилцаа холбооны зохицуулах хороо гэсэн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эфирийг хаах эрх нь ХХЗХ-нд л бий гэж би боддог.
Тэрнээс үйл ажиллагаа нь л өөр болохоос яг адилхан нэг байгууллагаас зөвшөөрөл авсан компани шууд хааж, боодог асуудал байж болохгүй. Үүнийг Монголын телевизүүдийн холбооны төвшинд олон жил ярьж ирсэн асуудал. Шийдэгдэж өгөхгүй яваа зүйл. Дээр нь тухайн телевиз өөрөө үзэлт, хандалт өндөртэй байвал телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компани хааж чадахгүйлдээ. Яагаад гэхээр үзэгч, хэрэглэгч нь шилжчихдэг. Жишээ нь, “MNBC”-гээс хаалаа гэхэд “DDish”-ийг ч юмуу Юнивишныг ч юмуу тавиулчихдаг болохоор тэр. Эндээс тухайн суваг өөрөө хандалтаа сайн авч, чанартай нэвтрүүлэг хийх шаардлага гарч байнаа гэсэн үг. Үүнд анализ хийх хэрэгтэй.
Тэгэхээр “ТВ8” телевиз судалгаагаар хэдэд явдгаа харж, менежмент, нэвтрүүлгийнхээ агуулгыг сайжруулах хэрэгтэй болов уу. Ингэж байж үнэ цэнэтэй болно. Тэгээд хасвал хас гээд явахад ямар ч телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компани юу ч хийж чадахгүй. Энэ бол томоохон хоёр, гурван телевизэд гарч байсан энгийн жишээ. Эхлээд өөрийгөө засъя, дараа нь бусдаас өө хайя гэдэгтэй л адилхан.
-Телевиз түүнийг дамжуулах компани хоорондын үл ойлголцлыг яаж зохицуулах ёстой юм. Дахиад ийм асуудал үүсэхгүй гэсэн баталгаа байхгүй?
-Үргэлж зөрчилдөөнтэй явж ирсэн асуудал. Харилцаа холбооны зохицуулах хороо бяртай байх хэрэгтэй байна. ХХЗХ зөвшөөрөл өгсөн учраас хааж боох дээрээ тулвал энэ байгууллагын л эрхийн асуудал байх ёстой юм. Гэтэл хувийн байгууллагад энэ эрх шилжчихсэн болохоор ийм асуудал гараад байгаа юм. Дээрээс нь зарим нь монополь болчихсон. Хиймэл дагуулаар олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг компанитай. IPTV-тэй, түүн дотроо шууд дамжуулдаг сувагтай. OTT буюу онлайнаар IPTV шиг телевиз үздэг каналтай, үүрэн холбоотой болчихсон компани байна.
Бүр орон сууцанд сонголт хийх боломжгүй дангаараа ордог. Бусдыг нь оруулдаггүй. Ийм тохиолдол олон. телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компаниуд хоёр талаас санхүүждэг.
Нэг талдаа хэрэглэгчээс мөнгө авна. Нэг хэрэглэгч буюу нэг өрхөөс сарын 30-40 мянган төгрөг түүнээс их. Нөгөө талдаа телевизүүдээс. Даварчихсан байгаа биз. Хоёр талаас санхүүждэг систем хаана ч байхгүй. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо юу хийж байгаа юм гээд үүнтэй манай эвлэлийн ерөнхийлөгч тэмцээч. “MNBC”-ийг азаргалж дарамталж байхаар системээр нь ултай суурьтай ярих хэрэгтэй.
-МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувиар энэ асуудалд хандаж байгаа нь буруу гэсэн үг үү?
-Х.Мандахбаяр гэдэг хүнийг МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгосон Их хуралд би ажиглагчийн байр сууринаас оролцсон. Санал өгөөгүй. Монгол Улсын хэмжээнд 6000 гаруй сэтгүүлч ажиллаж байна гэсэн тоо байдаг. Харин Х.Мандахбаярын хувьд тэдгээр 6000 хүнээс сонгогдоогүй. Тухайн хуралд суусан хүмүүсийн дийлэнх олонхын мандатыг авч л сонгогдсон. Дээрээс нь улстөрч хүн юм билээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч гэдэг бол маш хариуцлагатай, хэнтэй, хаана юу ярихаа боддог байх ёстой албан тушаал. Өмнөх ерөнхийлөгч нарыг харахад хоёр удаа сонгогдсон Б.Галаарид гуай ямар байсан юм. Юу ярьдаг байлаа. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Т.Баасансүрэн гуай байна. Тэдгээр хүн ингэдэг байсан уу. Хувьдаа телевизтэй байсан уу гэвэл байсан. Тэрийгээ урдаа бариад “Хүүе, хаая” болж байсныг мэдэхгүй. Гол нь нийгэмд ингэж сенсаацлаж, өөрөө оройлон тоглож байгаагүй.
Тэрнийхээ оронд сэтгүүлчдийнхээ үнэлэмжийг өсгөх юм хий л дээ. Бидний гал тогоонд хийх зүйл засах асуудал маш их байна. Хэдэн хүн дагуулаад гадагшаа дотогшоо явж байгаагаа ажил хийж байна гэж ярьж байгаа бол үгүй ээ. Тэрэн шиг худлаа юм байхгүй.
Нийгмээрээ сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг ярьж байна. Хүнтэй ярьж танилцахдаа сэтгүүлч гэхээсээ ичдэг болж байна. Сэтгүүлч гэхээр “За энэ нөхөр яах бол. Шантааж хийх нь үү. Тагнаж, чагнах гэж байна уу” гэдэг болсон. Үүнийг бүгдээрээ цэвэрлэе. Гэтэл ерөнхийлөгчтэйгөө нийлээд бүгдээрээ шороотой хутгалдлаа.
Сэтгүүлчдийн боловсрол, хүйсийн харьцааг хар. Тэргүүн фронтод явж байгаа сэтгүүлчдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүд ч олон байна. Хүйсийн харьцааны талаар нэмж хэлэхэд 1970, 1980-аад онд дуулиан шуугиан тарьж байсан нийтлэл, нэвтрүүлгийг эрчүүд хийж байсан. Гэхдээ би эмэгтэйчүүд муу зйүл хийж бичиж байна гэж хэлэх гээгүй шүү. Нэг үгээр хүйсийн харьцаанаасаа шалтгаалж нийгмээ харах өнцөг, агуулга нь өөр болж байна. Үүн дээр ч анализ хийх ёстой. Сургалтын орчноо сайжруулах, шинээр гарч ирж байгаа редакциудаа бэхжүүлэх хэрэгтэй. Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх тал дээр анхаараач ээ. Эздийн ойлголтыг батжуулаач гэж хэлмээр байгаа юм.
Гэтэл Х.Мандахбаяр өөрөө эзэн хүн. Сонинтой, телевизтэй болж байгааг нь бүгдээрээ харж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгч болсноосоо хойш нэмээд олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болчихсон. Ажил олгогч эзэн хүн эргээд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах нь логикийн хувьд алдаатай. Ийм боломж үндсэндээ байхгүй.
-Таныхаар МСНЭ-ийн ерөнхийлөгч яаж ажиллах ёстой юм. Сая гэхэд Өмнөговь аймаг руу сэтгүүлчдийг дагуулж очсон. Уул уурхайн компанитай тэмцэх нь Эвлэлийн ерөнхийлөгчийн хийх ажил мөн үү?
-Энэ бол буруу үзэгдэл. Хувь хүнийхээ тухайд Х.Мандахбаяр гэдэг хүн очоод тэмцэж болно. Гэхдээ тэр хүн Эвлэлийн ерөнхийлөгч гэсэн шошго өөр дээрээ наачихсан. Хаана ч явсан тэгж хардаг болсон. Өмнө нь сайтаараа, сониноороо, Ардын намаараа овоглодог байсан бол одоо сэтгүүлчдээр овоглож байна. Тэр бусармаг асуудлыг хөндөж тавих нь зүй тогтлоороо сэтгүүлчид сэтгэлийн дуудлагаараа хийх ажил.
Энэ зүй тогтлыг бий болгох хүн нь Эвлэлийн ерөнхийлөгч. Нарийн яривал Х.Мандахбаяр.
Үнэхээр болохгүй бүтэхгүй байгаа бол эрэн сурвалжлах, шуурхай мэдээний албаныхан очоод сурвалжилна. Сурвалжилсаар ч ирсэн. Зөвхөн Х.Мандахбаяр энэ асуудлыг сөхөөд гаргасан асуудал биш. Олон сэтгүүлч хөндөж, хийж байсан. Мэдээлэл авах орчин, нээлттэй ил тод, шуурхай байх асуудлыг шийдчих юм бол сэтгүүлчид бид өөрсдөө хийчих асуудал. Тэр орчин нь бий болохгүй болохоор мөнгөтэй хүмүүсийн халаасанд сэтгүүлчид орчихоод байна.Энийг засах ёстой тэр хүн.
-Өмнө нь тухайн телевизийн эзэд нь тодорхой хэмжээнд гарч ирж хэвлэлийн бага хурал хийх, сонин хэвлэлээр дамжуулан ярилцлага өгсөн тохиолдол цөөнгүй бий?
-Захирлууд нь ярилцлага хөтөлдөг, нэвтрүүлэг хийдэг телевизүүд мэдээж байгаа. Түүнээс биш гарч ирж тэмцээд л, ална хядна гэж явсан тохиолдол байхгүй. Санахгүй байна. Ялангуяа МСНЭвлэлийн ерөнхийлөгч нь ингэснийг бүүр ч санахгүй байна.
Мөнгөтэй хүний халаасанд орчихсон, хаалтын гэрээ хийчихлээ гээд бухимдаад явж байвал нэг хэрэг. Гэтэл тэгээгүй. Одоо тэгээд будлиантай асуудал болгон дээр Х.Мандахбаяр гэдэг хүн очих юм уу. Тэр хүн Заамарт очооч тэгвэл. Цэвэрлэх байгууламж дээр оч л доо. Хүний амь нас эрсдээд байгаа газарт сэтгүүлчдийг дагуулаад сурвалжил. Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг яв. Энэ бүх асуудлаар дуугараагүй мөртлөө Өмнөговь аймаг руу яагаад явсан юм. Эсвэл Эвлэлийн ерөнхийлөгчөө болиод сонгуульд нэр дэвших гээд байгаа юм уу?.
-Телевизийн салбарын гүйцэтгэх удирдлагын алба хашиж явсан, гадарладаг хүний хувьд асууя. Тухайн редакцид сэтгүүлчийн эрх зөрчигдөх, нийгмийн баталгаа нь ямар байгааг гүйцэтгэх удирдлагын төвшинд ярилцаж шийдэл гаргах нь Эвлэлийн ерөнхийлөгчийн нэг үүрэг байх?
-Жишээ нь, сайтад ажилладаг нэг сэтгүүлч надад хэлж байсан. Өдөрт 8-10 мэдээ бичдэг тухайгаа. Ийм тооны мэдээ бичиж байгаа сэтгүүлчээс ямар чанар, ур чадвар шаардах юм бэ? Телевизийн мэдээний сэтгүүлч өдөрт 5-6 мэдээ бэлтгэж байна. Энэ хүнээс олон эх сурвалж шаардах боломжгүй. Сэтгүүлч нэг мэдээнд тэнцвэртэй байдлыг хадгалаад үсрээд хоёр хүний яриа л оруулна. Өнөөдрийн Улаанбаатарын түгжрэл дундаас.
10 хүнээс яриа авахын тулд 10 газар руу ярина, явна. Өдрийн тал болно. Оройн мэдээнийхээ цагт амжуулахын тулд хагас хугас юм хийнэ. Ийм л байдаг. Энд юу яриад байна гэхээр редакци өөрөө бэхжих нь чухал.
Эдийн засгийн хувьд тогтвортой хараат бус байх ёстой. Ядаж 10 сэтгүүлч ажиллуулдаг. Тэдгээр нь хоёроос гурван чанартай мэдээ хийдэг редакци бүхий сайт, телевизийг бий болгохын тулд тэр хүн явах ёстой байхгүй юу. Тэгж байж ёс зүй, хариуцлага яригдана. 500 мянган төгрөгийн цалинтай хүн өдөрт таван мэдээ хийдэг гээд бод. Ажлын 24 өдөрт гэж тооцоход сард хэдэн мэдээ хийх үү. Хийсэн мэдээгээрээ цалинждаг бол яахав өөр хэрэг гэхдээ агуулга, хийцийн талаар чанар ярихад хэцүү л болно. Одоо бүүр УИХ-ын гишүүд сэтгүүлчдийг маш хямдхан гэж хардаг боллоо. Төрийн ордонд ажилладаг зарим сэтгүүлчид 50 мянга, 20 мянгийнхан гэсэн хоч хүртэл авчихсан байна. 50, 20 мянгаар мэдээ хийдэг, ярилцлага авдаг сэтгүүлчид байхад “ер нь яасан ч яахав” гэж байх жишээтэй. Хүссэнээ хийж, ярьж байна тэд. Тэгтлээ сэтгүүлчдийн нэр хүнд шалан дээр уначихаад байна. Үүнийг яагаад засах талаар ярихгүй байгаа юм бэ тэр хүн?
-Энэ байдлыг засахын тулд тодорхой хэмжээний зохицуулалт хэрэгтэй байх. Өргөс авчихсан юм шиг нэг өдөр алга болчихгүй?
-Би телевизд ажилладаг болохоор телевизийн талаа түлхүү яриад байгаа байх. Өнөөдөр манай салбарт Үндэсний олон нийтийн радио телевизийн тухай хууль гээд нэг байгууллагад зориулсан зохицуулалт л мөрдөгддөг. Зохицуулах хорооноос нь эфирийн нөхцөл шаардлага гэж зүйл гаргасан байдаг . Гадаад, дотоод нэвтрүүлгийн хувь хэмжээ, төрөлжсөн суваг бол түүнийх нь болон рекламны эзлэх хувь зэргээр. Тэрийгээ ч барьж, мөрдүүлж байна гэвэл өрөөсгөл. Ингэж хуульгүйгээр олон жил явсны эцэст ямар завхралд хүрч байгааг Та бүхэн харж байна. Бид чинь хүн Бурхнаар бөөлжүүллээ, хайрцагт хүүхэд хийж явууллаа, Чингис хаан төрүүллээшүүдээ. Үүнийг бид л өөрсдөө хийж байгаа. Шантаажчин сэтгүүлчид олон болчихлоо. Улам залуужиж байна. Сонгууль ойртлоо борооны дараах мөөг шиг олон телевиз, сайт нээгдэж байна Одоо бүгд сонин сайт, ТВ гэлтгүй бүгдээрээ лайв хийдэг болж. Мэргэжлийн сэтгүүлзүй гэж юу вэ гэдгийг ялгаж салгахаа байчихлаа. Өмнө нь бид ямар зовлон эдэлж байсан гэхээр Холливудын төвшний уншигч, сонсогч, үзэгчийг бэлдсэн. Кино, шоу хулгай хийж гаргасаар байгаад үзэгчид нь асар өндөр боловсролтой болчихсон.
Монголын телевизүүд нь нэвтрүүлэг бэлдэж хийхээр голоод үздэггүй. Тэгж өндөр бэлтгэчихсэн юм чинь өөр яах юм. Одоо сошиал гэсэн зүйлд чирэгдээд энэ салбар бүр элгээрээ хэвтлээ. Энэ бүхэн дээр зохицуулал хийж байж цэгцрэх байх л гэж бодож байна.
Үүнийг зохицуулах зүйл нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль юмдаа. Бидний хувьд хэм хэмжээгээ гаргаж тавих хэрэгтэй байгаа юм. Сайт дээр аваад үзэхэд ихэнх нь хэдэн сурвалжлагч, тоймчтой ажиллаж байгаа билээ. Гэтэл нэг хүн ажилладаг, бүр нэг ч хүнгүй газар сайт гээд зэрэгцээд явж байна. Энэ чинь шударга юм уу. 700 хүнтэй телевиз байна. 200 хүнтэй телевиз байна. Хоёрхон хүнтэй ч газар байна.Тэгээд бүгд телевиз гэж нэрлэгдээд явж байгаа юм. Энэ тэгээд бас шударга юм уу. Үзэгчдэд очиж байгаа кабелийн сувгаар түүнийг нь ялгаж, салгах боломжгүй. Үзэгчдийн хувьд адилхан телевиз л гэж харна. Тэгэхээр маш өндөр стандарт хэрэгтэй. Ажиллах хүч, хүний нөөц, техник, технологи, агуулга гэх зэргээр. Энэ бол хүний хэвлэн нийтлэх эрхтэй холбогдох ч шаардлагыг нь хангуулах л ёстой. Гэтэл тэгэхгүй байна.
-Х.Мандахбаяр ерөнхийлөгчийн хувьд “Миний ард 16 телевиз байгаа шүү” гэсэн утгатай юм ярьсан байна лээ. Тэгэхээр Эвлэлийн ерөнхийлөгч гишүүн байгууллагууддаа шууд нөлөөлөх эрхтэй байдаг гэж ойлгож болох уу?
-Миний хувьд үгүй л гэж үзэж байгаа. Тийм халаасны хэвлэл мэдээллийн байгууллага ч байхгүй. Одоогоор 20 иод өргөн нэвтрүүлгийн телевиз байх шиг байна. 100 гаруй кабелийн суваг байх шиг байна. Орон нутгийн телевизүүдийг оруулж тооцвол бараг 300 гаруй болох байх. Мэдээж өөр хоорондоо олон холбоотой. Телевизүүдийн, кабелийн сувгийн, медиа порт гээд хэд хэд бий. Энэ болгон өөрсдийн эрх ашгийг хамгаалаад явж байгаа. Түүнээс биш Х.Мандахбаярын эрх ашгийг хамгаалдаг юм гэж байхгүй. Өөрөө телевизтэй хүн, тэр нь холбоонд харьяалагддаг, Х.Мандахбаяр ерөнхийлөгч тэндээ хариуцлагатай албан тушаал хашдаг, нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэгж заналхийлж болохгүйлдээ. Үнэхээр тийм л юм бол бүх телевиз нийлээд телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхэлдэг компаниудтайгаа тэмц л дээ. Авдаг, өгдөг мөнгийг нь байхгүй болгоё л доо. Сард 1.5 сая гаруй төгрөгийг таваас зургаан компанид өгнө гэхээр долоо найм орчим сая төгрөг болдог. Тэр мөнгөөрөө сэтгүүлчдийнхээ цалин, хангамжийг нэмэх асуудлын талаар ярих нь зөв. Ийм шийдэлд хүрвэл телевизүүдийн нуруун дээрх ачаа нь багасч, редакци бэхжихэд дөхөм болно. Гагцхүү түүнийгээ соёлтойгоор ширээний ард суугаад хууль эрх зүйн орчин дээр ажиллаад дүрэм журмаа боловсруулаад явах хэрэгтэй. Тэрнээс ална, тална гэж заналхийлдэг байж болохгүй ээ.
Ер нь Эвлэлийн ерөнхийлөгчийг тэгж ярьсанд харамсч байгаа. Энэ талаар сошиал хуудаст бичсэний дараа над руу олон хүн хандсан. Х.Мандахбаярын доор ажилладаг зарим залуу хүртэл “Та яаж байгаа юм бэ” гэсэн. Угаасаа олон сэтгүүлч тэгж байгаа шүү дээ. Бид ийм ерөнхийлөгчтэй яанаа гээд л. Дуугарч л байгаа.
Би Х.Мандахбаяр гэдэг хүнийг танихгүй. Гэтэл миний ах шиг надаас асууж байгаа юм. “Танай Ерөнхийлөгч чинь мундаг хүн айлгадаг хүн юм аа” гээд л. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж энэ. Энэ хүн 6000 хүнийг төлөөлж байгаа учраас хариуцлагатай байх ёстой.
Адгийн би МҮОНТВ-ийн нэрийг сэвтээчихгүй аятайхан явах юмсан гэж бодож явж байхад. Одоо үүнийгээ боль гэж хэлмээр байна. Хотын даргатай зөрчилтэй байгаа бол Эвлэлийн ерөнхийлөгчөө өгөөд талбай дээр жагс. Тост, тосон бумбын нурууг ухаж байгаа хүмүүстэй тэмцэх гэж байгаа бол ажлаа өгчихөөд иргэн эсвэл намын гишүүнийхээ хувиар тэмц.
-Цаашдаа энэ байдал яаж үргэлжлэх бол?
-Ийм байдлаар явбал би лав хүлээн зөвшөөрөхгүй. Ийм ерөнхийлөгчтэй байхыг хүсэхгүй. Надтай ижилхэн байр суурьтай байгаа олон сэтгүүлч байгаа.
Х.Мандахбаяр ерөнхийлөгч сэтгүүлч нараасаа уучлал гуйгаад үндсэн ажлаа хийх ёстой. Бахархалтайгаар сонин, телевизтэй боллоо гэдгээ зарлалаа. Өөрийгөө орчин цагийн Пулитцер гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм юм байхгүй. Хэвлэл мэдээлэлтэй олон хүн байна. Ард нь байгааг нь ч бид мэддэг. Гэхдээ энэ хүн шиг савсалздаггүй биз.
Ил гарч ирж явдаггүй. Энэ авчлаа, тэрэнд зарчихлаа гэдгийг бид бүгдээрээ мэддэг. Тэгсэн мөртлөө тэдгээр хүмүүс нь гарч ирээд телевиз авчихлаа одоо ална, шулна гэж ярьдаггүй. Хэвлэл үнэхээр хүчтэй. Үнэхээр бяр амтагдаад байж магадгүй. Өсөх насанд ах нар нэг л өдөр жижигхэн харагдаад бариад авчихмаар санагддаг. Тэгж бодож байж магадгүй.
Гэхдээ нийт сэтгүүлчид Х.Мандахбаярын халаасанд орчихсон гэж бодож байгаа бол үгүй шүү. Харьяа сэтгүүлчид нь тийм байдаг байх. Нийт массаараа бол үгүй шүү. Битгий нэр барьж яваад бай. Одоо боль. Хүсэх юм бол Эвлэлийн ерөнхийлөгч болсноосоо хойш юу хийснээ тайлагна гэж хэлмээр байна Яасан дүвчин юм. Ямар их савсганадаг юм бэ энэ хүн. Үүнийг нь хараад тэвчилгүй сошиалд бичсэн. Салбарын нэр хүнд навс уначихсан байгаа болохоор дуугаръя гэж бодсон юм.
Миний хувьд Х.Мандахбаярт ямар нэг өш санасандаа ингэж хэлээд байгаа юм биш. Хувь хүнийхээ байр сууриас ингэж хэлж байна. Түүнээс МҮОНТ-ийг төлөөлж хэлж яриагүй шүү. Эцэст нь миний доод үеийн олон сайхан залуусыг өөрийн мэдлийн хэвлэлүүддээ ажилд авсан байна лээ. Тэдгээр залуусын мэдлэг ур чадварыг ашиглаад үлгэр дуурайлал үзүүлэхээр сайн менежмент хэрэгжүүлж салбартаа тэргүүлэх контент үйлвэрлээд үзүүлээд өгөөч гэж хэлье. Харин тэр залуусаар шантааж хийлгэж битий эвдээсэй гэж хүсье.
-Телевизийн салбарын талаар мэдэх хүний хувьд лайвын талаар ямар байр суурьтай байдаг вэ. Иргэдийн хувьд мэдээ уншихаас лайв үзэхийг илүүд үздэг болсон...?
-Лайв бол ганцхан эх сурвалж. Тухайн лайв хийж байгаа хүний л үзэл бодол юм. Ямар нэг үйл явдлын хувьд өөр байж болох талтай. Мэргэжлийн сэтгүүл зүй бол тухайн хүнийхээ мэдээллийг авна, судална. Өөр бусад эх сурвалжаар баталгаажуулна.
Холбоотой мэдээллийг шүүнэ, холбогдох хүмүүсээс нь байр суурь авна. Эцэст нь дүгнэх эрхийг нь уншигч, үзэгчдэд үлдээгээд мэдээлдэг.
Дүгнэх эрх нь уншигч, үзэгчдэд л бий. Одоо бол лайв хийхдээ дүгнэж байна. Заримд нь хэрэг үүсгэж байна. Түүнийг үзсэн үзэгч түүгээр нь хүлээж авна. Боломж олдсон дээр дуртайгаа ярина. Хачир дээрээ асуудал шал өөр байдаг шүүдээ ихэнхдээ. Энэ бол сэтгүүлзүй биш. Лайв хийчихээд дараа нь анализ, тодруулга хийвэл нэг хэрэг. Ихэвчлэн тэгэхгүй байна.
-Та зөрчлийн хуулийн талаар ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Буруу юм хийхгүй байл даа. Буруу юм хийсэн нь үндэслэлтэй болохоор хариуцлага хүлээж байгаа болов уу. Бусдаар шүүх дээр очоод цагаадсан олон сэтгүүлч байгаа. Юмны араас сенсаацлаж явахгүй байх хэрэгтэй. Юманд ултай суурьтай ханддаг байх хэрэгтэй. Тэрнээс сошиалдаа хөтлөгдөөд лайш шэйрээ нэмэх гээд явбал бурууднашдээ. Дээр нь нэмээд хэлэхэд манай салбарт Барууны дэг сургууль, томоохон форматууд ороод ирлээ. Телевиз, сонин, сайт, сэтгүүлийн гээд. Үүнийгээ дагаад боловсрол мэдлэг чадвар нь тийшээ явах ёстой болов уу. Сургуулиуд ядаж нэг сайн студитэй болмоор байна. Оюутнууд нь монгол хэлээрээ зөв ярьдаг, бичдэг болмоор байна. Багш нар нь дадлага хийж байгаа хүүхдийнхээ араас явдаг баймаар байна. Оюутнаас 3-5 сая төгрөгийг нь авчихсан сургууль биз дээ? Редакци нь өөрөө төлөвшөөгүй газар оюутан ирээд юу сурах юм бэ. Төлөвшөөгүй тогтоогүй редакцид ирж дадлага хийх нь том аюул болчихоод байна. Ингэж шантааж хийж, мөнгө олж болдог юм байна гэж хараад сурвал яахуу. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг шантааж хийх, карьераараа өсгөх зэргээр хардаг болвол яахуу? Энэ салбарын мэрэгжлийн байдал нь алдагдсан учраас манай салбарт дуучин, жүжигчин, бөх гээд дуртай нь орж ирж ажиллаж байна.
С.Гандөл
Сэтгэгдэл (22)