Өнгөрсөн ням гарагт Германы баруун хэсгийн Вестервальд хот дахь орон сууцны барилгаас гурван хүний цогцос олджээ. Гэмт этгээд цагдаа нарыг хэргийн газарт очиход зугтсан бөгөөд түүнийг өргөн хүрээнд эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.
Хохирогчид нэг гэр бүлийнхэн байсан бөгөөд 47 настай эрэгтэй, 44 настай эмэгтэй, 16 настай хүү байжээ. Цагдаа нар ойр орчмын оршин суугчдад гэртээ байхыг зөвлөж, автомашинаар явж буй хүмүүст замын хүн авахгүй байхыг анхааруулсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
ХБНГУ-ын өдөр тутмын “Bild” хэвлэлд мэдээлснээр уг хэрэгт тусгай ажлын хэсэг гаргаж, цагдаагийн нисдэг тэрэг ашиглаж байгаа талаар мэдээлжээ.
2200 орчим хүн амтай Вайтефельд хотыг бүслэн, орж гарч буй машинуудыг шалгаж байгаа гэнэ. Сэжигтнийг баривчлах шөнөжин эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж цагдаа нар мэдэгдэв.
Вайтефельд хотын дарга Карл-Хайнц Кесслер "Та бүхэн энэ хотод хэн байдгийг сайн мэднэ. ийм зүйл болсонд итгэж чадахгүй нь ээ. Болгоомжтой байж, цагдаа нарт түүнийг олоход туслаарай" гэжээ. Хохирогчид болон сэжигтэн олон жилийн турш уг хотод амьдарсан хүмүүс ажээ.
Л.Баяр