Доор өгүулэх зүйл бол Америкийн алдарт телевизийн хөтлөгч Опра Уинфригийн дурсамж. Тэрээр өөрийг нь гуниг цөхрөлөөс амжилтад хүргэсэн нууцаа бусадтай дуртайяа хуваалцдаг нэгэн билээ. Харин таны амьдралын үнэн юу вэ? Үүнийг олж мэдэх нь зөвхөн таны үүрэг. Үнэн бол зөв, сайн, хайр юм. Хайр бол хэзээ ч зовоож сэтгэлийг шархлуулахгуй. Энэ хайр өдөр бүр хүндэтгэл, сэтгэлийн тайван, үнэнч амьдралыг авч ирнэ.
Та хэлэх үг, хийх үйлдэл бүрээрээ энэ дэлхийд өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж байдаг тул үнэнээр, байгаагаараа харуулаарай.
Опра ийнхүү өгүүлжээ:
"Тиймээ үнэнийг мэдэх цаг болсон, үнэн чамайг эрх чөлөөтэй болгоно" хэмээх Библийн ишлэлийг би анх жинхэнэ утгыг нь мэдэхээсээ ч өмнө цээжилсэн байсан, миний хамгийн дуртай ишлэлүүдийн нэг юм.
Энэ ишлэлийн утгыг ухаарах үедээ юуг олж мэдсэн бэ гэвэл хэрвээ чи өөрөө л үнэнийг мэдэхийг хүсэж байгаа бол үүнийгээ олж мэдэх болно гэдгийг ойлгосон юм. Өөрийгөө танин мэдэх нь амьдралын турш үргэлжилдэг урт хугацааны процесс буюу хамгийн том алдаанаасаа хамгийн их суралцах явдал юм. Миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бол өөрийн хүч чадлаа бусдад өгсөн мөн бусдаар хайрлуулах хайр нь өөрийгөө хайрлах хайраас чухал гэдэгт итгэсэн явдал байлаа. Залуухан байхад минь миний хайр сэтгэлийн харилцаа ихэнхдээ эр хунд хууртсан, хаягдсан, сэтгэлээ шархлуулсан явдлаар дүүрэн байж. Хорин естэйд минь нэг залуу намайг орхиод явахад өвдөг сөхрөн их л уйлж билээ. Яагаад ингэдэг байна аа" гээд л уйлж байлаа. Харин тэр үүдний дэргэд зогсонгоо "Асуудал чамд л байна хонгорхон хүүхэлдэй минь. Чи өөрийгөө хамгийн чухал нь гэж боддог" гэж хэлчихээд хаалга саван гарч одож билээ. Шалан дээр уйлж суухад минь хүүхэд байхдаа цээжилсэн дээрх үгс толгойд минь орж ирсэн юм. Тэр мөчид би үнэний талаар мэддэггүй байжээ. Надтай ингэж харьцахыг би яагаад зөвшөөрдөг байсан юм бол оо. Хүүхэд байхдаа бусдад хүчирхийлүүлсэн тул хожим найз залуудаа хэзээ ч хүчирхийлүүлэхгүй дээ гэж өөртөө андгайлан хэлж билээ. Гэвч одоогийн болж байгаа үйл явдал нь урьдынхаас ялгаатай нь энэ бол биеийн хүчирхийлэл биш байлаа.
Асуудал надад байгаа гэж намайг буруутгадаг залуу өөрөө харин буруу бодож хэлжээ. Өөрийгөө үл хүндэтгэх, өөртөө үл итгэх болон амьдралаа зөв авч явахад хэн нэгэн эр хүн заавал хэрэгтэй гэсэн бодол минь бас буруу байсан юм.
Иймэрхүү байдалтай нэг жил өнгөрсний дараа би харилцаагаа нэг мөсөн дуусгавар болгож билээ. Би сайн сайхан зүйлийн төлөө итгэн залбирч, түүнийг өөрчлөгдөнө гэдэгт итгэж байсан. Би өөрийгөө онцгой хүн болохсон гэж бодсонгүй. Харин ядаж хэрэгтэй хүн байхсан гэж хүсэж байсныг маань ойлгоосой гэж бодож байсан. Харин түүнд болохоор онцгой нэгэн гэдгээ мэдрээсэй хэмээн хүсч, түүний төлөө үргэлж хичээдэг байлаа. Эцсийн эцэст энэ маань зөв зүйл биш байсныг мэдсэнээр үүнийг төгсгөж өгөөч хэмээн залбирч эхэлсэн.
Би залбираад хариултыг нь хүлээж байлаа. Хүлээсээр хүлээсээр л байв. Ингэж байхдаа нэгэн өдөр би Бурханыг хүлээж Бурхан бас намайг хулээж байжээ гэдэг үнэнийг олж мэдсэн юм. Энэ үнэн намайг Бурханаас зориулсан утга учиртай амьдралаар амьдрах уу, эсхул ийм амьдралыг үгүйсгэн бусдад таалагдах гэж амьдрах уу гэдэг талаар шийдвэр гаргахад хүргэсэн.
Ийнхүү би өөрийгөө байгаагаараа хүлээн авч, сэтгэл хангалуун амьдрах боломжтой гэдгийг мэдэж билээ. Энэ шинэ нээлт маань үнэхээр гайхамшигтай зүйл байлаа. Удалгуй надад нэг ток шоу хөтлөх сайхан санал ирсэн төдийгүй, улам олон сайхан боломж өмнө минь нээгдсээр байв. Хэрвээ би тэр бүтэлгүй харилцаагаа үргэлжлүүлсээр байсан бол миний амсаж буй одоогийн энэ амьдрал надад ирэх байсан бол уу?
Та хэлэх үг, хийх үйлдэл бүрээрээ энэ дэлхийд өөрийгөө хэн бэ гэдгээ харуулж байдаг тул үнэнээр, байгаагаараа харуулаарай.