Хэдэн жилийн өмнө архичин хойд эцгийнхээ байнгын зодуур дарамтыг даалгүй 11 насандаа амиа хорлож нас барсан Мөнх-Од хүүгийн гунигт түүхээс монголын нийгэм гашуун сургамж авсан уу? Хэрэг гарснаас хойш 6 жил өнгөрсөн боловч томчууд үр хүүхэддээ үлдээж буй хор уршгийн талаар эргэцүүлэх сөгөөгүй архидан согтуурсаар, олон нийтэд архи согтууруулах ундааг ил тодоор сурталчилсаар, борооны дараах мөөг лугаа адил олширсон баар цэнгээний газрууд өдөр шөнө ялгалгүй ажилласаар архидан согтуурагчдын нас улам нүдэн дээр маань залуужиж ирлээ.
Өнгөрсөн 2010 оны эхний 11 сарын байдлаар гэмт хэргийн золиос болсон 16000 хохирогчийн 90 нь насанд хүрээгүй хүүхэд байсны 48 нь 7-гоос доош насны балчир хүүхэд байжээ. Жилд 100-110 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болдог нь дунд сургуулийн дөрвөн ангийн хүүхдийн тоотой тэнцэнэ. Жилд дундчаар 20000 орчим гэмт хэрэг гарч буйн 1/3 нь согтуугаар үйлдэгддэг ажээ. Энэ бол цагдаагийн байгууллагаас гаргасан тоо баримт. Үүнийг Иракийн дайны хохирогчидтой харьцуулбал түүнээс илүү аюултай орчинд бид амьдарч гэсэн үг.
Зуурдаар нас барагчдын ихэнх нь аваар ослын улмаас амиа алдаж байдаг бөгөөд үүний нэгдүгээр шалтгаан нь архидалт болдог аж. Дэлхийн стандартаар сард хоёр буюу түүнээс дээш удаа архиддаг бол архийг байнга хэрэглэгч гэж үздэг байна. Тэгвэл манайд сардаа хоёр удаа байтугай сарын хагас 15 хоногт нь архи уудаг үзэгдэл хэвшмэл болж тогтсон байна. Ингэхээр манайхны 93.6% архины байнгын хэрэглээтэйд тооцогдохоор байна. Архидалт, мансуурлын эсрэг төвийн гаргасан судалгаагаар бид жилд 30 баяр ёслолын өдөр тэмдэглэдэг ажээ. Энэ нь бид 30 удаа гэртээ архи уухыг хүүхдийнхээ дэргэд үнэгүй сурталчилдаг гэсэн үг. Үүнийг хүүхэд архи бол энгийн ахуйн хэрэглээ юм гэж хүлээн авдаг аж. Цагдаагийн бүртгэлд орсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 83% нь архичин хүмүүс байдаг гэсэн тоо байна. Оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг эхчүүдийн 58% нь архи хэтрүүлэн хэрэглэдэг.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн 40000 хүний 7000 нь архинд донтох өвчтэй байдаг. Архинд донтогчдын дунд эмгэг нас баралт их байдаг. Тэд бусдаас 20 насаар бага насалдаг. Эдгээр бүх хор уршгийн зэрэгцээ архидалт удамших хандлагатай болж хойч үед маань хүртэл ул мөрөө гүн үлдээсээр. Ийм хүүхдүүдийг бусад хүүхэдтэй харьцуулахад өөртөө итгэлгүй, сэтгэл дундуур, тогтворгүй ааштай, зан байдлын өөрчлөлттэй байдаг аж. Түүнчлэн нас баралтын хамгийн өндөр хувьтай таван шалтгааны эхний байранд архидалт ордог. Гэтэл нас баралтад хүргэж буй эхний энэ таван шалтгаан тавуулаа архидалтаас улбаатай шалтгаан гэнэ.
Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхэд бусад дүүргийнхээс 2 дахин их хүн эрүүлжүүлэгддэг гэсэн тоо баримт бий. Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн дунд гэр орондоо агсам тавих явдал давамгайлдаг. Архидалт хүүхэд залуусын амьдралыг хамгийн их хүндрүүлж тэдний ирээдүйд үнэхээр асар муугаар нөлөөлөх хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэр бүл архины хүрээлэл дотор оршин тогтнож байна. Аюултай орчинд амьдарч буй хүүхдийн сэтгэц, оюун ухаан хэвийн биш, сэтгэцийн хөгжил дорой сурлага муу байдаг. Хүүхэд сэтгэцийн хувьд маш эмзэг байдаг тул гэрт архинд орсон нэг л хүн байхад түүнийг дагаад хүүхэд, хүүхэд гэлтгүй гэр бүлийн бусад бүх гишүүд хямарч байдаг. Сэтгэл санаа, эд материалын хувьд асар их хохирол амсдаг гэсэн үг.
Өнөөдөр бааранд үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд нарийн судалгаа явуулах ч шаардлагагүй. Тэнд 18 насанд хүрсэн эсэх нь эргэлзээтэй олон хүүхэд багачууд согтуурч байгаа. Оройн 9 цагаас хойш шөнө дөл хүртэл залуучууд хүүхдүүд баарнаас баар луу зөөлгөдөг гэж ярьдаг таксины жолоочийн үгийг шалгаад байх ч шаардлагагүй. Яагаад улс үндэстнүүд баар цэнгээний газар 21 насанд хүрсэн эсэхийг шалгаж оруулдаг юм бол оо. Энэ насанд хүртэл чөлөөтэй архи хэрэглэж үзээгүй бол дараа нь архины бөглөө мултлахдаа боддог болдог юм бол уу. Энэ тухай бид ярьсаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учир бол хүүхдүүд архи худалдаж авч байвал томчууд баяждаг учраас. Авсан архиа уух эсэх нь харин томчуудад падгүй. Хүүхдийн ар гэрт ч дайн болж байгаа эсэх нь архинаас орлого олохыг урьтал болгосоор байгаа цагт хэнд хамаатай вэ.
Бид улс үндэстнээ аварч, үр хүүхэддээ гэрэлт ирээдүйг үлдээхийн төлөө одооноос эхлэн зоригтойгоор архины үйлдвэрлэл, сурталчилгаа, хэрэглээг хязгаарлах бодлогыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энд дурдсан тоо баримтууд та бидэнд ихийг бодогдуулж, хоёрыг санагдуулах вий. Хүмүүс элдэв янзын хувьсгал ярьдаг болж, харин архидалттай тэмцэх хувьсгалыг л хиймээр байна. Жинхэнэ хувьсгал, хэрэгтэй хувьсгал болно.
Манжаагийн Ичинноров