
Дэлхийд алдартай “Pizza Hut” сүлжээ рестораныг төрсөн ах Фрэнк Карнигийн хамт үүсгэн байгуулсан Америкийн бизнес эрхлэгч Дэн Карни 95 насандаа таалал төгсжээ. Түүний нас барсан тухай төрөлх сургууль болох Вичита мужийн их сургууль болон 50 жилийн турш удирдах зөвлөлийн даргаар нь ажилласан Тархины саажилтын судалгааны сангаас мэдээлсэн байна.
Дэн Карни 1931 онд АНУ-ын Миссури мужийн Канзас-Сити хотод төрж, Канзас мужийн Вичита хотод өссөн аж. Тэрбээр дүү Фрэнк Карнигийн хамт 1958 онд Вичита мужийн их сургуулийн оюутны хотхоны ойролцоо анхны “Pizza Hut” ресторанаа нээжээ.
Ах дүүс бизнесээ эхлүүлэхийн тулд ээжээсээ 600 ам.доллар зээлсэн байна. Тэд оюутнуудад пицца хүргэх зорилгоор анхны ресторанаа байгуулсан бөгөөд удалгүй бизнес нь Канзас мужийн бусад хотуудад салбараа нээж, улмаар үндэсний хэмжээний сүлжээ болон өргөжсөн юм.
Анхны рестораны нэрийг сонгохдоо тухайн үеийн барилгынх нь нэрийн самбарт ердөө есөн үсэг багтах зайтай байсан тул “Pizza Hut” гэж нэрлэсэн гэдэг. Өнөөдөр дэлхий даяар танигдсан брэндийн эхлэл болсон уг барилга Вичита мужийн их сургуулийн хотхонд музей болон хадгалагдаж байна. 1977 онд ах дүүс “Pizza Hut” сүлжээгээ “PepsiCo” компанид худалдсан бөгөөд Дэн Карни бизнесийн салбараас гадна боловсрол, нийгмийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байжээ.
Тэрбээр Вичита мужийн их сургуулийн сангийн Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж, оюутнуудын боловсрол, хөгжлийг дэмжиж байсан байна. Мөн Тархины саажилтын судалгааны сангийн удирдах зөвлөлийг 50 жилийн турш тэргүүлжээ.
Вичита мужийн их сургуулиас түүний нас барсанд эмгэнэл илэрхийлж, “Дэн Карнигийн их сургууль болон орон нутгийнхаа хөгжилд оруулсан хувь нэмэр олон үеийн турш мартагдахгүй” хэмээн мэдэгдсэн байна. Дэн Карнигийн төрсөн дүү, “Pizza Hut”-ийг хамтран үүсгэн байгуулагч Фрэнк Карни 2020 онд 82 насандаа таалал төгссөн юм.
Л.Баяр

























































Сэтгэгдэл (1)