
Дэлхий дахинд зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг бууруулах, цөмийн болон бусад үй олноор хөнөөх зэвсгийн аюулыг таниулах зорилготой олон улсын зэвсэг хураах долоо хоног аравдугаар сарын 24-нд эхэлнэ. Энэ долоо хоног аравдугаар сарын 30 хүртэл үргэлжилнэ. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас жил бүр зохион байгуулдаг уг тэмдэглэлт долоо хоног нь зэвсэг хураах, зэвсгийн хяналтыг сайжруулах асуудлаар олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Олон улсын зэвсэг хураах долоо хоногийг 1978 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаарх тусгай чуулганаас гаргасан эцсийн баримт бичгийн хүрээнд санаачилжээ. Харин 1995 онд Ерөнхий Ассамблейгаас улс орнуудын засгийн газар болон төрийн бус байгууллагуудыг уг долоо хоногт идэвхтэй оролцож, зэвсэг хураахын ач холбогдлыг олон нийтэд таниулахыг уриалсан байна.
Энэ долоо хоногийг аравдугаар сарын 24-нөөс эхлүүлдэг нь НҮБ байгуулагдсан өдөртэй холбоотой. НҮБ-ын дүрэм 1945 оны аравдугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноор тус байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өнөөдөр дэлхий дахинд цөмийн зэвсэг, уламжлалт зэвсгийн хэт их нөөцлөлт, хууль бус зэвсгийн худалдаа болон цэргийн зориулалттай шинэ технологийн хөгжил нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд сорилт учруулсаар байна.
Ялангуяа цөмийн зэвсэг нь асар их хэмжээний хохирол учруулах чадвартайгаас гадна хүн төрөлхтний оршин тогтнолд заналхийлдэг. Үүний зэрэгцээ хүн ам суурьшсан бүс нутагт хүнд зэвсэг ашиглах нь энгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Мөн хүний шууд оролцоогүйгээр байг сонгож, довтлох чадвартай бие даасан зэвсгийн систем зэрэг шинэ технологи нь олон улсын эрх зүй, зэвсгийн хяналтын асуудлыг улам чухал болгожээ.
НҮБ-аас улс орнуудын хоорондын зөрчил, хурцадмал байдлыг улам их зэвсэглэлээр бус, харин улс төрийн яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдвэрлэх шаардлагатайг онцолдог. Зэвсэг хураах, зэвсгийн тархалтыг хязгаарлах нь зөвхөн дайн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхээс гадна энгийн иргэдийг хамгаалах, улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.
Л.Баяр





















































