
Сингапур улсын сургуулиудад дээрэлхэл үйлдсэн сурагчдад ташуурдах шийтгэл оноох шинэ журам хэрэгжиж эхэлжээ. Энэхүү шийдвэр нь олон улсын хэмжээнд маргаан дагуулж, хүүхдийн эрхийн байгууллагуудын шүүмжлэлтэй тулгараад байна.
Шинэ журмын дагуу сургуулийн орчинд дээрэлхэлт, цахим дарамт, бусдад хүч хэрэглэсэн ноцтой үйлдэл гаргасан эрэгтэй сурагчдад нэгээс гурван удаа ташуурдах шийтгэл ногдуулах боломжтой болжээ. Харин энэ арга хэмжээг “хамгийн сүүлчийн арга” байдлаар хэрэглэнэ гэж Сингапурын Боловсролын сайд Дэсмонд Ли мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, бусад сахилгын арга хэмжээ үр дүнгүй болсон, эсвэл зөрчил нь маш ноцтой тохиолдолд л ташуурдах шийтгэл хэрэглэгдэх аж. Мөн шийтгэлийг зөвхөн сургуулийн захирлын зөвшөөрлөөр, тусгай эрхтэй багш хэрэгжүүлэх бөгөөд сурагчийн нас, сэтгэлзүйн байдал, хүмүүжилд үзүүлэх нөлөөг харгалзан үзнэ гэжээ.
Шинэ журамд зааснаар бага ангийн дээд түвшин буюу 9-12 наснаас дээш эрэгтэй сурагчдад энэ шийтгэлийг хэрэглэж болох бөгөөд охидыг ташуурдахыг Сингапурын эрүүгийн хууль хориглодог байна. Охидын хувьд түдгэлзүүлэх, саатуулах, сахилгын үнэлгээ бууруулах зэрэг өөр төрлийн арга хэмжээ авах аж.
Энэхүү бодлого нь тус улсад өнгөрсөн жилүүдэд гарсан хэд хэдэн дуулиант сургуулийн дээрэлхлийн хэргийн дараа боловсруулагдсан бөгөөд Сингапурын парламент дээр сүүлийн өдрүүдэд өргөн хэлэлцэгдэж байгаа юм.
Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн хүүхдийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд хүүхдийг биеэр шийтгэх нь сэтгэлзүй, хөгжлийн хувьд хор уршигтай гэж анхааруулсаар ирсэн. ДЭМБ-ын өнгөрсөн жилийн тайланд хүүхдийг зодож шийтгэх нь ашиг тусаас илүү хор нөлөөтэй гэж дурдсан байна.
Сингапур улс нь Британийн колони байсан үеэс уламжилсан ташуурдах шийтгэлийн тогтолцоог өнөө хүртэл хадгалсан цөөн орны нэг юм. Тус улсад сургууль, шорон, цэрэг болон шүүхийн тогтолцоонд эрэгтэйчүүдэд ташуурдах ял хэрэгждэг хэвээр байна.
Л.Баяр
























































Сэтгэгдэл (1)