
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотод үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэй төрлийн таван жингийн барилдаан өчигдөр болж Монголын таван тамирчин барилдсанаас гурав нь медалийн тавцанд зогсов.

Тодруулбал, 57 кг жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ эхний шатанд Афганистаны бөхийг 12-2, шөвгийн наймд Киргизийн Алмаз Сманбековыг 8'-8 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Хойд Солонгосын Чоншон Ханд 9-6 харьцаагаар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Японы Рин Сакамотог 5-1 харьцаагаар илүүрхсэн юм.

65 кг жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах эхний шатанд Хойд Солонгосын Кван Жин Кимийг 2'-2, шөвгийн наймд Казахстаны Нурсултан Садыкийг 10-2, хагас шигшээд Киргизийн Тайирбек Жумашбек Үүлүг 5-2 харьцаагаар тус тус ялж финалд шалгарсан бөгөөд финалд Японы Кайсэй Танабэд 12-2 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль авлаа.

79 кг жинд Олонбаярын Сүлдхүү шөвгийн наймд Японы Рюносүкэ Камияаг 4-0 харьцаагаар ялсан ч хагас шигшээд Бахрейны Кидир Курбан Сайпудиновт 7-1 харьцаагаар ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Киргизийн Арсалан Будажаповыг 4'-4 харьцаагаар ялсан байна.
Чөлөөт бөхийн сүүлийн өдрийн барилдаанууд өнөөдөр үргэлжилж эрэгтэй үлдсэн таван жингийн барилдаанууд болно.
Сэтгэгдэл (2)