UFC-гийн хүнд жингийн хошой аварга асан Кейн Веласкес 2022 онд хүүг нь хүчирхийлсэн этгээдүүд рүү галт зэвсэг агссан хэрэгтээ таван жилийн хорих ял аваад байна. Веласкес өнгөрсөн наймдугаар сард хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, халдлага үйлдсэн хэргүүдэд гэм буруутайгаа хүлээсэн тул прокурорын газраас түүнд харьцангуй хөнгөн ял оноосон нь энэ.
Хэрэг явдлыг тодруулбал, 2022 оны хоёдугаар сард тэрбээр гурван хүн тээвэрлэж явсан ачааны машин руу олон удаа гал нээжээ. Учир нь уг машинд 46 настай Харри Гуларте гэх Веласкесын хүүг хүчирхийлсэн этгээд байв. Тухайн үед Харри Гуларте өөрийн гэр бүлийн ажиллуулдаг асрамжийн газарт түүний хүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэгдэж байв.
Өмгөөлөгч Рене Хеслинг Веласкесийг "шоронд суух үндэслэлгүй" гэж мэдэгдсэн байна. "Кейн эр зориг, зан чанарын хүч чадлыг харуулсан. Тэр үйлдэлдээ хариуцлага хүлээсэн" гэж Хеслинг мэдэгдэлдээ дурджээ.
Буудалцаан болохоос долоо хүрэхгүй хоногийн өмнө Гуларте Веласкесий дөрвөн настай хүүд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагдсан. Хэд хоногийн дараа түүнийг батлан даалтад гаргахгүйгээр сулласан юм. Албаныхны мэдээлснээр, түүнийг гэрийн хорионд байх нь зүйтэй гэж үзэн сулласан. Харин Веласкес түүн рүү гал нээх үед хэрэгтэн Гуларте цахим хяналтын бугуйвч зүүхээр холбогдох газар руу явж байжээ.
Веласкес Гулартегийн ачааны машин руу 17.7 км замын турш хөөсөн бөгөөд автомашиных нь араас олон удаа буудсан гэж дүүргийн прокурорын газар мэдэгдэв. Гуларте бэртэл аваагүй ч жолоо барьж явсан хойд эцэг нь буутай холбогдолгүй шарх авсан гэнэ.
Л.Баяр