Туркт Истанбул хотын дарга Экрем Имамоглуг шоронд хорьсны дараа болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр мянга гаруй хүнийг баривчилсан гэж Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая даваа гарагт мэдэгдэв.
Йерликая X сайтад нийтэлсэн нийтлэлдээ “Гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 23-ны хооронд хууль бус үйлдэл гаргасан 1133 сэжигтнийг саатуулсан. Тэдгээр хүмүүсийн дунд 12 өөр террорист байгууллагатай холбоотой хүмүүс байсан” гэжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы улс төрийн өрсөлдөгч Имамоглуг өнгөрсөн лхагва гарагт гэрээс нь саатуулжээ. Истанбулын эрх баригчид "нийгмийн хэв журмыг сахиулах болон ямар нэгэн өдөөн хатгасан үйлдлээс урьдчилан сэргийлэхийн тулд жагсаал цуглаан хийхийг хориглож, зарим замыг хаагаад байна.
Жагсаалын үеэр 120 гаруй цагдаа шархадсан гэж албаныхан мэдээлэв. Жагсагчдаас хүчил, чулуу, саваа, салют, молотовын коктейль, сүх, хутга зэрэг эд зүйлсийг хураан авсан байна.
Истанбул хотын дарга Экрем Имамоглу бол Туркийн одоогийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хамгийн том өрсөлдөгч юм. Тэд удахгүй болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх байв. Гэвч Экрем Имамоглуг нэр дэвших эрхээ гардахаас нь хэдхэн хоногийн өмнө авлигын хэрэг тулган баривчлаад буй.
Л.Баяр