Израилын Газад явуулж буй цэргийн кампанит ажлын улмаас 50 мянга гаруй палестин хүн амиа алдсан гэж тус нутгийн ХАМАС бүлэглэлийн мэдэлд байдаг эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Нарийвчилсан судалгаанд бичигдсэн 50,021 гэх тоо нь дайны өмнөх нутаг дэвсгэрийн 2,3 сая хүн амын 2,1 орчим хувь буюу 46 хүн тутмын нэг нь амь үрэгдсэн гэсэн үг юм. Мөн энэ хугацаанд нийт 113 мянга гаруй хүн шархадсан гэж уг яам мэдээллээ.
Газын Эрүүл мэндийн яамны тоо баримтуудыг дайны туршид өргөнөөр ашигласан бөгөөд НҮБ болон олон улсын байгууллагууд найдвартай гэж үздэг. Гэвч Израил Газын эрх баригчдын нийтэлсэн мэдээлэлтэй байнга маргаж ирсэн. Амиа алдсан хүмүүсийн тоо баримт нь энгийн иргэд, дайчдын гэж ялгалгүй хамтад нь авч үзсэн тооцоо гэнэ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн алба зургаан сарын хугацаанд амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэсэн дүн шинжилгээ хийсэн байна. Нэгдүгээр сард "The Lance"t эмнэлгийн сэтгүүлд нас барсан хүмүүсийн тоо Газын ЭМЯ-ны мэдээлсэн албан ёсны тооноос 41 хувиар их байж магадгүй гэсэн судалгааг нийтэлжээ.
Ням гарагт гаргасан судалгаагаар сүүлийн 24 цагийн дотор 39 хүн амиа алдаж, Израил мягмар гарагт тус нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаас хойш даруй 673 хүн амь үрэгдсэнийг батлаад байна.
Л.Баяр