Их Британийн Лондон хотод байрлах тус улсын хамгийн том Хитроу нисэх онгоцны буудлын ойролцоох цахилгааны дэд станцад их хэмжээний түймэр гарсны улмаас цахилгаан тасалдаж, баасан гарагт уг нисэх буудал өдөржин хаагдлаа.
"Гал түймрийн улмаас нисэх онгоцны буудалд цахилгаан эрчим хүч их хэмжээгээр тасарлаа. Зорчигчид болон хамт ажиллагсдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс Хитроу гуравдугаар сарын 21-ний 23:59 цаг хүртэл хаагдана" гэж Хитроугийн мэдэгдэлд дурджээ.
Хитроу бол Их Британийн хамгийн том нисэх онгоцны буудал бөгөөд өдөрт 1300 орчим буулт, хөөрөлтийг хүлээн авдаг. Өнгөрсөн онд терминалуудаар 83.9 сая зорчигч дамжин өнгөрч, дээд амжилт тогтоосон байна.
Лондонгийн баруун хэсэгт орших Хэйс хотын дэд станцад гарсан галын улмаас олон мянган байшин цахилгаангүй болж, 150 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түймрийг унтраахаар 10 гал унтраах машин, 70 орчим гал сөнөөгчийг илгээсэн гэж Лондонгийн галын бригад (LFB) мэдэгдэв.
Урьдчилан сэргийлэх зорилгоор 200 метрийн хамгаалалтын бүс байгуулж, "их хэмжээний утаа" гарч байгаа тул орон нутгийн иргэдийг хаалга, цонхоо хаахыг зөвлөжээ. Түймрийн улмаас 16,300 гаруй байшин цахилгаангүй болсон гэж эрчим хүчний нийлүүлэгч Шотландын болон Өмнөд цахилгааны сүлжээ компани X дээр мэдэгдэв.
Л.Баяр