Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. Иймд та бүхэндээ Монголын найман яруу найрагчийн шүлгийг хүргэж байна.
Миний үнэн-миний амьдрал
(БИШҮБИ Expromtus)
Бодсон минь л- Миний үнэн!
Цөөхөн нь, (харамсалтай нь)
Цөмөөрөө биш ч, (ашгүй)
Олон ном болсон!
Бичсэн ном минь л- Миний амьдрал!
Олонх нь, (ашгүй)
Бүгд нь биш ч, (харамсалтай нь)
Огт миний тухай биш,
Ондоо ондоо амьралтай (тэглээ ч)
Надтай адил бус олны тухай!
Д.Урианхай
***
Зарим хүн насаараа мал дагадаг...
Зарим нь амьсгалынхаа тоогоор будаа тарьдаг.
Ашиг эрсэндээ биш,
Амьдарч яваа нь л тэр.
Зарим хүн судраас тарни цээжилж
Зарим нь явуулын циркт тэнцэх гэж илбэ сурдаг.
Амьтан шагшуулахын төлөө биш,
Амь зуух гэсэндээ л тэр.
Хаалгаа түгжээд ганцаараа архи уух шиг
Хар багаасаа л би шүлэг бичлээ,
Үхсэн хойноо нэрээ үлдээхийн төлөө биш,
Өнөөдөр бүрээ дүүрэн,
амьд өнгөрөөх гэсэндээ л.
Г.Аюурзана
***
Шүлэг гэдэг амьдрал атал
Амьдрал даанч шүлэг биш.
Хайрлаж хүссэн минь үнэн боловч
Хайр минь бас хүсэл биш.
Дуугүй байгаа минь урвалт биш
Уучилсан минь амлалт биш.
Дутуу үгс зангирах тусмаа
Уйлуулж орхидгийг чи мэдэх биш.
Нулимсаа үзүүлэхэд минь чи дургүй,
Хэдэрлэхэд чинь би бүр дургүй
Хэн нь хэнийхээ өмнө буруутай юм бэ?
Хэлээд ч одоо нэмэртэй биш.
Г.Лхагвадулам
***
Ганцаардал минь
Шувууд нисчихсэн үүрнээс олдсон
Ганц цагаан өд минь
Чамд би бэх дусаагаад
Шүлгийнхээ дэвтрийн
Бичигдээгүй хуудсуудын
Завсарт нь хавчуулж хадгаллаа
Шувуу болохгүй хойно
Шүлэг бол доо
Ганцаардал минь...
Ц.Доржсэмбэ
МИНИЙ ҮНЭН
Хоолой зангирахад зангиралыг минь тайлж өгөх
Хүзүү гудайхад тэргүүнийг минь өөд өргөх
Чамайг би дагана, би ийм хүзүүтэй, хоолойтой билээ.
Би бас зөөлөн, урсамтгай, үерлэмтгий сэтгэлт билээ
Чамайг би дагана, би цээжиндээ ийм мөрөн голтой
Долгион давалгааг нь даадаггүй.
Бие минь ядруу буурай, хатуу хүндийг үүрч чаддаггүй
Булчин минь сул, чамайг би дагана.
Би бас хэвлийдээ амь тээнэ, чамайг би түшихээр дагана.
Би их хүслэнтэй, хүслэнгээр дүүрч зүрх өвддөг
Бүх сайн сайхны хүслэнгээр зүрхээ дүүргэснээс би өвддөг
Хүслийг минь хөнгөлж өгөх чамайг би дагана.
Хоолой зангирахад зангиралыг минь тайлж өгөх
Хүзүү гудайхад толгойг минь өндийлгөх
Зүрх хүслэнгээр дүүрэхэд дундруулж өгөх
Хэвлий хүндрэхэд түших..., чамайг би дагана.
Хөх минь ч зангиран хатуурах...
Өрөвдөлтэй, хөөрхий чамайг даган,
Чиний хайр элбэрэлийг горьдон бүртэлзэнэ, бөлтөлзөнө...
Би ийм билээ, хайрлахаас аргагүй хүзүү, толгой, зүрх, цээж, хэвлийтэй билээ.
Чамайг би дагахаас өөр замгүй
Намайг чи хайрлахаас өөр аргагүй.
Б.Батрэгзэдмаа
***
...Хар багаасаа л би нар мандахыг харах гэж
Хар үүрээр эртлэн босдог сон
Хар багаасаа л би харанхуйгаас айхдаа
Хашаан дотроо ч гарахаас жигшдэг хүүхэд сэн...
Ургах нарны сүүн туяа ус шиг л сэтгэлд нэвчиж
Унах нарны улбар туяа ухаан бодолд минь цус шиг шингэснээс
Гэгээрэгсдэд там мэт санагдах амьдралын харанхуй булангуудыг
Гэрэл тусган харах дуртай болжээ би.
Ямар азаар хар залуудаа хэн ч бишээ ухаарч
Ямар азаар эргээд хэн нэгэн болов оо.
Одоо би айдас, мухардал, шунал, хүслэнг таньж
Орчих цагийг оюун санаандаа уусгаж чадахаар болжээ
Одоо би гоо сайхны мөн чанарт нэвтэрч
Голт зүрхний угаас дуулах цаг иржээ.
Я.Баяраа