Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 747.1 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай олборлолт 492.9 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 129.5 тэрбум төгрөгөөр голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээллээ.
Уул уурхай, олборлох салбарын нийт үйлдвэрлэл урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, 2024 оны мөн үеийнхээс 492.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 280.4 тэрбум төгрөг, хүрэн нүүрс олборлолт 204.1 тэрбум төгрөгөөр голлон нөлөөлсөн байна. Энэ салбарт төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цайрын баяжмал,зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 4.1-92.3 хувиар нэмэгджээ. Төмрийн хүдрийн баяжмал, цэвэршүүлээгүй алт, баяжуулсан нүүрс, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмал 0.1-13.6 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа шүүс, ноолууран сүлжмэл эдлэл, самнасан ноолуур, нүүрсэн шахмал түлш, хэвийн боов, шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 2.8-87.3 хувиар нэмэгдсэн аж.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 7.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 971.8 тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.3 их наяд төгрөгөөр нөлөөлсөн аж.
Уул уурхай, олборлох салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2024 оны мөн үеийнхээс 1.3 их наяд төгрөгөөр буурахад нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.7 их наяд төгрөгөөр, газрын тос олборлолт 26.8 тэрбум төгрөгөөр нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2025 оны эхний 2 сарын байдлаар урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 4.7 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 42.4 хувийг нүүрс 52.7 хувийг металлын хүдэр, 3.4 хувийг газрын тос, 1.5 хувийг бусад ашигт малтмал олборлолт эзэлж байна.
Сэтгэгдэл (1)