Израилын арми Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн эсрэг "бүрэн чадлаараа тэмцэнэ" гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мягмар гаргийн орой мэдэгдэв. Израилын тал агаараар Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн цэргийнхний нуувч байж болохуйц газарт их хэмжээний агаарын цохилт өгсний дараа тэр ийн ярьсан юм. Нөгөөтэйгөөр энэ нь энхийн хэлэлцээрийг зөрчсөн явдал болов.
Видео мэдэгдэлдээ тэрбээр "хэлэлцээ зөвхөн галын дор үргэлжилнэ. Энэ бол зөвхөн эхлэл" гэж анхааруулав. Халдлагын улмаас 400 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсан гэж ХАМАС-ыэ удирддаг Эрүүл мэндийн яам мэдэгдэв. Уг агаарын довтолгоо нэгдүгээр сарын 19-нд хоёр тал гал зогсоох хэлэлцээр хийснээс хойших хамгийн хүчтэй цохилт болов.
Тэдний эвлэрэл өнөөг хүртэл үргэлжилж байсан ч энэхүү дайралт дайныг бүрмөсөн зогсоох төлөвлөгөөг сүйтгэсэн алхам байв. Мягмар гарагт Бейт Лахиа, Рафах, Нусейрат, Аль-Маваси зэрэг газруудад цохилт өгсөн нь Газачуудын нэгдүгээр сараас хойших харьцангуй тайван байдлыг эвдэж, эмнэлгүүд дахин хохирогчдоор дүүрчээ.
Газын зурваст хийсэн уг халдлагыг хэлэлцээрийг зуучлагч Египет улс эрс буруушааж байна. Уг агаарын цохилт нь гал зогсоох хэлэлцээрийг "илэрхий зөрчсөн" бөгөөд "аюултай хурцадмал байдал үүсгэлээ" гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Тамим Халлаф мэдэгдэв.
ХАМАС-ын гол зүтгэлтнүүд, тэр дундаа Газа дахь Дотоод хэргийн сайдын орлогч, ХАМАС-ын аюулгүй байдлын хамгийн өндөр албан тушаалтан, хошууч генерал Махмуд Абу Ватфа зэрэг хүмүүс агаарын цохилтод амь үрэгджээ.
Л.Баяр