ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярих үеэрээ Украинд нэн даруй, бүрэн гал зогсоох хэлэлцээрээс татгалзаж, зөвхөн эрчим хүчний дэд бүтцэд нь халдахгүй байхыг зөвшөөрчээ. Тодруулбал, ОХУ-ын удирдагч Саудын Арабт болсон Украин-АНУ-ын сэдсэн нэг сарын хугацаатай гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалзаж байгаа хэрэг юм.
Гадны цэргийн тусламж, Украинтай тагнуулын мэдээлэл солилцох ажиллагаа зогссон тохиолдолд л иж бүрэн эвлэрэл үр дүнд хүрнэ гэж тэр хэлэв. Украины Европын холбоотнууд өмнө нь ийм нөхцөлөөс татгалзаж байсан. "Украины асуудлаарх АНУ-ын яриа хэлэлцээ Ням гарагт Саудын Арабын Жидда хотод үргэлжилнэ" гэж АНУ-ын Ойрхи Дорнод дахь төлөөлөгч Стив Виткофф мэдэгдэв.
Гурван жил үргэлжилсэн ширүүн дайны үеэр Орос зургаан сарын өмнө Украины халдлагад эзлэгдсэн Курск муж дахь газар нутгаа саяхан эргүүлэн авсан билээ.
Мягмар гарагт болсон Трамп-Путины ярианы үр дүнд хоёр удирдагч Ойрхи Дорнодод нэн даруй энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон юм. АНУ-ын төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт Жидда хотод Украины төлөөлөгчидтэй уулзахдаа тэд Киевийг хуурай газар, агаар, далайгаар "нэн даруй" 30 хоногийн гал зогсоох саналыг зөвшөөрөхийг ятгасан.
Трамп, Путин хоёрын яриа дууссаны дараахан Финландын нийслэл Хельсинк хотод албан ёсны айлчлал хийхээр мягмар гарагт хүрэлцэн ирсэн Укрианы Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс эрчим хүчний дэд бүтцийг хамарсан эвлэрэл байгуулах санааг хүлээн авахад нээлттэй, гэхдээ эхлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байна гэжээ.
Л.Баяр