Румыны сонгуулийн төв хороо өнгөрсөн ням гарагт хэт барууны үзэлт Оросыг дэмжигч, нэр дэвшигч Калин Жоржскуг тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад оролцохыг хориглосон шийдвэр гаргалаа.
Жоржскугийн олон арван дэмжигчид сонгуулийн товчооны гадаа цугларч, "Эрх чөлөө" хэмээн хашхирч, хамгаалалтын бүсийг хүчээр нэвтрэхийг оролдов. Жоржеску өнгөрсөн баасан гарагт ирэх тавдугаар сард болох дахин санал хураалтад нэрээ дэвшүүлсэн юм.
Румыны дээд шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон хоёр дахь шатны санал хураалтаас хоёр хоногийн өмнө ОХУ-ыг Жоржскугийн талд хөндлөнгөөс оролцсон гэх үндэслэлээр саналын хуудсыг хүчингүй болгосон. Гэвч Москва үүнийг үгүйсгэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны гишүүд Румыны сонгуулийг цуцалсан нь Европын засгийн газрууд үг хэлэх эрх чөлөө болон улс төрийн өрсөлдөгчдөө дарангуйлж буйн жишээ гэж үзэж буй. Түүнчлэн тэрбумтан, Трампын зөвлөх Элон Маск уг шийдвэрийг "галзуу" гэж нэрлэжээ.
Жоржску фашист байгууллагын гишүүнчлэл, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн талаар худал мэдээлэл тараасан зэрэг зургаан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа юм. Тэрбээр бүх буруутай үйлдлүүдээ үгүйсгэсэн хэвээр байна.
Л.Баяр