Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориуллаа. Эмзэглэн хайрлахын учир...
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсийн чинь хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмүй.
В.Гүлранс "Сайхан хүмүүн"
Үзэсгэлэнтэй төрсөн чи минь
Өвсөн дотор зогс доо би харъя
Шүүдэрт норсон нүцгэн хөлийг тань үзье
Шөнө хөнжилд байхаас үзэсгэлэнтэйеэ хонгор минь
Торгон хувцас далдлаагүй хэсэг
Тогтуухан болоод нарны амттай
Торго шиг зөөлөн өнгөнд
Торомгорхон шүүдэр адтай…
Гараараа энхрийлсэн сайхан хөлийг чинь
Ганган цэцгийн шүүдэрт норсон байхыг үзье гэсэн юм
Ганга агийн үнэр, нартай, устай уусан орж
Газар дэлхийгээ би чамаас ууя гэсэн юм.
Хөлийн тань хурууны салаагаар
Хөх ногоо ганц нэг хавчуулагдсан нь юутай яруу
Хөхөмдөг цэнхэр өглөөн шүүдэрт өвсөн дотор
Хөл нүцгэн зогсох хүүхэн чи юутай үзэсгэлэнтэй
Д.Нямсүрэн "Үзэсгэлэнтэй төрсөн чи минь"
Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахархаад бахархаад ханашгүй
Баярыг улам арвитгана зээ
Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ
Учирмагч сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ
Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая
Д.Данзанравжаа Үлэмжийн чанар
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч!
Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна.
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэнжийн ногоо шиг ганхаад байна.
Харахаас ялдам хонгор бүсгүй ээ,
Хайрын тухай битгий дуулаач.
Хайран залуу насандаа би
Халих жигүүрээ шатаах хөөрхий!
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Насан идэр залуудаа би.
Намрын ногоо шиг гандах хөөрхий!
Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий!
Дээж найргаа гүйцээсэн сэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай!
Дэвүүр хоёр сормосонд чинь би
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий!
Дэлгэр амьдралд ханасансан бол ч
Дэнжийн ногоо шиг гандсан ч яамай!
Б. Явуухулан "Харахаас ялдам хонгор бүсгүй"