Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексик, Канадад тулгасан автомашины татвараа нэг сарын хугацаанд хойшлуулж, чөлөөлсөн тухай зарлажээ. Форд, Женерал Моторс, Стеллантис нарын төлөөлөлтэй ярилцсаны дараа Трамп Америкийн уг гурван том автомашин үйлдвэрлэгчдэд санхүүгийн хохирол учруулах эрсдэлээс зайлсхийх алхам хийсэн нь энэ болов.
Мексик, Канад улсад мөрдөгдөж буй 25 хувийн бусад бүх тариф хүчин төгөлдөр хэвээр байна. Гэхдээ Левитт Трамп бусад тарифын чөлөөлөлтөд нээлттэй хэвээр байх болно гэж мэдэгдэв.
Хэдийгээр АНУ-ын Худалдааны яамны мэдээллээс харахад автомашин нь Канадын АНУ-д экспортлох хоёр дахь том бүтээгдэхүүн гэдгийг харуулж байгаа ч Канад нэг сарын авто тарифын хөнгөлөлтийг дэмжихгүй байна. Онтариогийн Ерөнхий сайд Даг Форд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой хамт улсынхаа бараа бүтээгдэхүүнд ямар нэгэн татвар ногдуулахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэв.
Дөрөвдүгээр сарын 02-нд зарлахаар төлөвлөж буй дэлхий даяарх харилцан тарифын төлөвлөгөөнийхөө өмнө Трамп энэ хугацааг сунгах шийдвэр гаргасан. Мексик, Канадын бараанд ногдуулах татвараас ялгаатай нь Трамп хүлээгдэж буй харилцан тарифт ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй гэж Левитт сэтгүүлчдэд мэдэгдэв.
Тэд мөн Канад, Мексикийн бусад бараанд мөрдөгдөж байгаа 25 хувийн тарифаас өөр гаргалгаа байгаа. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник Fox News-т өгсөн ярилцлагадаа, Канадын үндэсний борлуулалтын 5 хувийн татварыг цухас дурджээ.
Л.Баяр