Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р их наадамд оролцож буй Хөвсгөл аймгийн Улаан уул сумын 9б ангийн сурагч Н.Баасанжаргалтай ярилцлаа.
-Сайн байна уу? Хүүхдийн спортын наадамд хэд дэх удаагаа оролцож байна вэ? Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Миний хувьд хоёр дахь жилдээ оролцож байна. Хөвсгөл аймгийн Улаан-уул сумаас өвлийн наадмыг зорьж ирсэн. Өмнөх наадам дээр 1000, 1500 метрт алтан медаль авсан. Мөн 500 метрт уралдах явцдаа унаж хүрэл медалийн болзол хангасан. Унаагүй бол алтан медаль авах бүрэн боломжтой байсан гэж боддог.
-Энэ жилийн наадамд хэдэн төрлөөр оролцох вэ?
-Энэ жил хоёр төрөлд оролцоно. Тэшүүрийн 500, 1000 метр болон буухиад оролцох эрх авсан.
-Өвлийн спортын маш олон төрлүүд бий шүү дээ. Тэр дундаас яагаад тэшүүрээр хичээллэх болсон бэ?
Анх ангийн найз маань тэшүүрийн спортоор хичээллэхэд нь тэшүүр ч гэж мэдэхгүй мөртлөө сонирхолтой санагдсан болохоор дагаж яваад хичээллэж эхэлсэн.
Анх аав ээж хоёр маань их дургүйцдэг байсан. Харин одоо их дэмждэг болсон. Энэ ташрамд, аав ээж болон намайг дасгалжуулж ирсэн хоёр багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Тэшүүрээс өөр сонирхлыг чинь татаж буй спорт бий юу?
-Байгаа. Миний хувьд зөвхөн тэшүүрийн спорт бус олон төрлийн спортоор хичээллэдэг. Тухайлбал, уулын дугуйн спорт, хөнгөн атлетикаар хичээллэдэг. Удахгүй жудо бөхөөр хичээллэж үзнэ гэсэн бодолтой байгаа. Мөн дугуйн спортоор аймгийн хоёр удаагийн аварга, улсын аваргад хоёрт орсон. Харин хөнгөн атлетикийн улсын гурван удаагийн аварга.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (1)