Зуу гаруй жилийн өмнө Тутанхамуны булш олдсоноос хойших анхны фараоны булшийг Египет судлаачид илрүүлжээ. II Тутмос хааны булш нь Египетийн 18 дахь гүрний үеээс олдоогүй байсан сүүлчийн хааны бунхан байв.
Их Британи-Египетийн баг түүнийг Луксор хотын ойролцоох Тебаны оршуулгын газрын баруун хөндийгөөс илрүүлжээ. Судлаачид 18-р гүрний фараонуудын оршуулгын өрөөг Хаадын хөндийгөөс 2 км-ээс хол зайд оршдог гэж үздэг.
Багийнхан үүнийг тухайн үеийн хааны эмсийн амрах газартай холбоотой хэсгээс олсон. Бунхан доторх авсыг чимэглэсэн байсан нь фараоны тэмдэг байсан ажээ. Хамтарсан ажлын хэсгийн захирал Пирс Литерланд "Таазны хэсэг нь бүрэн бүтэн хэвээр байсан. Шар өнгийн одтой, цэнхэр өнгөөр будсан тааз. Шар одтой цэнхэр тааз нь зөвхөн хаадын булшнаас олддог" гэжээ.
П.Литерланд энэ нээлт нь 18-р гүрний эхэн үеийн хаадын булшнууд хаана байдгийн нууцыг тайлсан явдал гэжээ. Судлаачид Тутмос II-ийн муммижуулсан шарилыг хоёр зууны өмнө олсон боловч түүний оршуулгын газар хэзээ ч олдоогүй байна.
II Тутмос бол Египетийн XVIII гүрний дөрөв дэх Фараон байсан бөгөөд түүний хаанчлал нь МЭӨ 1493-1479 он хүртэл буюу МЭӨ 1482-1479 он хүртэл ердөө гуравхан жил үргэлжилсэн гэж үздэг. Түүхчид түүний талаар бага зүйл мэддэг. Түүний эцэг Тутмос I , эцэг нэгт эгч, эхнэр Хатшепсут , хүү Тутмос III нар нь түүхэнд үлдсэн. Тутмос II-д хамаарах түүхийн дурсгалууд харьцангуй цөөн байдаг.
Л.Баяр