Монголын хүүхдийн спортын өвлийн 8-р их наадмын талаар Монголын Тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жилийн өвлийн наадам хэдэн төрлөөр зохион байгуулгадаж байна вэ?
-Гүйлтийн тэшүүрт есөн байгууллагын 57 тамирчин, шорт трейкийн тэмцээнд 500, 1000, 1500 метрийн уралдаан зохион байгуулагдаж байна. Мөн багийн уралдаанууд явагдана.
-Энэ жилийн хүүхдийн спортын өвлийн наадмын онцлогыг та юу гэж харж байна вэ?
-Энэ жилийн өвлийн наадмын хувьд Харбины Азийн өвлийн наадмын дараа болж байгаа нь их онцлогтой. Азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн холбооноос шорт трейк, гүйлтийн тэшүүр, уран гулгалт гэсэн гурван төрлөөр амжилттай бүтэн багаараа оролцсон.
- Азийн өвлийн наадамд гаргасан онцлох амжилтуудаас дурдвал?
-Онцлох амжилт гэвэл уран гулгалтын төрөлд О.Мишээл 19-р байр, Г.Марал-Эрдэнэ 20-р байр, шорт трейкийн уралдаанд Б.Гэрэлтуяа түүхэндээ анх удаа шигшээ уралдаанд шалгарсан. Мөн Г.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнх-Эрдэнэ монгол улсын рекорд амжилтуудыг шинэчлэн тогтооосон, М.Борхүү өөрийн амжилтыг шинэчлэн тогтоосон бол гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Төгөлдөр 500, 1000 метрийн зайнд уралдаж өөрийн амжилтыг шинэчлэн тогтоосон.
-Монголын тамирчид амжилт гаргаж болно гэдгийг сая Азийн өвлийн наадамд харууллаа. Амжилтаа илүү ахиулахад тамирчдад яг юу хэрэгтэй вэ?
-Тэшүүрийн спортын гол онцлог мөс байдаг. Манай шорт трейкийн тамирчид 2024 онд дөрвөн сарын хугацаанд БНСУ-д Чэ Жи Хун дасгалжуулагчийн удирдлаган дор бэлтгэлд хамрагдсан. Манай тамирчдын хувьд хоёрхон жилийн өмнө дэлхийн аваргын тэмцээнд оролцох нь мөрөөдөл байсан. Тууштай мөсөн дээр өвөл зунгүй бэлтгэл хийсний хүчинд шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн аваргын тэмцээнд орох эрхийг авсан амжилттай байна. Уран гулгалтын тамирчид мөн адил мөсний хүрэлцээ бага, дасгалжуулагч байдаггүй учраас тамирчид Японд бэлтгэл хийж байгаа. Гүйлтийн тэшүүрний тамирчид 400 метрийн мөсөн талбай байдаггүй учраас байгалийн мөсөн дээр Хандгайтад 12 сараас 3-р сар хүртэл бэлтгэлээ хийдэг.
-2025 онд олон улсын ямар тэмцээнүүдэд монголын баг тамирчид оролцох вэ?
-Гуравдугаар сарын 11- 17-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах шорт трейкийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор тамирчид маань бэлдэж байна.
-Дэлхийн аваргад оролцох тамирчдын жагсаалт гарсан уу?
-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Батчулууны Баторгилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Г.Мөнх-Эрдэнэ , Э. Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нарын дөрвөн тамирчин оролцоно.
- Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа