Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулагчдын нэг биеийн тамир спортын улсын хорооны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэнтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдийн спортын наадам хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ?
-Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу хүүхдийн спортын өвлийн наадам найм дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2019 оноос хойш хоёр жил тутам өвөл, зуны гэж зохион байгуулдаг болсон.
-Энэ жилийн наадмын онцлог нь юу байна вэ?
-Энэ жил гүйлтийн цанын төрөл дээр тусгай олимпын цасны гуталтай гүйлтийн төрөл нэмэгдсэн. Энэ нь тусгай оюуны хэрэгцээтэй хүүхдүүдэд боломж олгож байгаа юм. Мөн Орхон аймагт уулын цанын төрөл, гүйлтийн цана, снөүбоардийн төрлүүд зохион байгуулагдаж байгаа. Гүйлтийн тэшүүр, шорт трейк, хоккейны спортын төрлүүд Улаанбаатарт хотноо зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой байна.
-21 аймгаас тамирчид оролцож байгаа юу? Анхан шатны тэмцээн хэзээ болж өндөрлөсөн бэ?
-Анхан шатны тэмцээн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 20-ны хугацаанд аймаг дүүргүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн.
Одоо шигшээ тэмцээнд 15 аймаг, найман дүүргийн 546 тамирчид оролцож байна.
-Шагналын сангийн хувьд танилцуулвал?
-Аймаг орон нутгаасаа шалгарч, спортын төрөл зай жиндээ шалгарсан баг тамирчид маань өргөмжлөл, алт мөнгө хүрэл медаль, мөн засгийн газрын 2018 оны 173-р тогтоолын дагуу алтан медалийн болзол хангасан тамирчин 600 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчин 400 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчин 200 мянган төгрөгөөр шагнагддаг.
-Энэ жилийн Монголын хүүхдийн спортын зуны наадам хэзээ болох вэ?
-Зуны төрөл тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 5-ны хугацаанд Улаанбаатар хотод шигшээ тэмцээн зохион байгуулагдана.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Хоролмаа